Г.Уянга: Монголын нэг өдөр-2014 амьдрал таниулах цуглаан болно
Өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга чуулганы завсарлагааны хугацаанд “Нэг хороо-нэг өдөр” хөтөлбөр гарган ажилласан ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, энэ хугацаанд мянга гаруй иргэнтэй нэгбүрчлэн нүүр тулан уулзаж, 2000 гаруй өргөдөл гомдол хүлээн авлаа.
Энэ нь төр, засгийн бодлого, шийдвэр амьдарлд нийцэж байгаа эсэх, алдаа дутагдлыг олж харах маш том бололцоо байдаг. Иргэдийнхээ тулгамдсан асуудал бүрийг нэгбүрчлэн нааштайгаар шийдвэрлэх бололцоо УИХ-ын нэг гишүүний хувьд хязгаарлагдмал. Засгийн газрын түвшинд шийдвэрлэх, хөрөнгө мөнгөтэй холбоотой, бодлогоор хууль гаргаж шийдвэрлэх олон асуудал, өргөдөл ширээн дээр өрөөтэй байна. Энэ олон өргөдөл гомдлууд зүгээр нэг хувь хүмүүсийн асуудал биш, ерөөсөө Монголын нийгмийн хаа ч байгаа нийтлэг асуудал, нийтлэг зовлон билээ.
Харин үүнийг өдөр тутам хурлаас хурлын хооронд амьдардаг, Төрийн ордноос Зайсангийн ам хүртэл богинохон маршруттай хүмүүст танилцуулах нь маш чухал байна. Чингэлтэйн Зүрх уул, Салхит, Далан давхар, Хайлааст, Долоон буудал, Зурагт, цаашлаад Баянхошуу, Сонгинохайрхан гээд гэр хорооллоор явж, байшингийн орцон дахь амьдралтай танилцаж амждаггүй хүмүүст амьдралаа авчирч танилцуулья.
Иймд 2014 оны 4 дүгээр сарын 14, 15-нд Чингисийн талбайд болох “Монголын нэг өдөр-2014” амьдрал таниулах ардын цуглаанд амьдралд нь асуудал байгаа, түүнийгээ олон нийт, эрх баригчдад хүргэж мэдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа иргэн бүхэн оролцож болно” гэлээ.
Мөн цалин тэтгэвэр нь амьдралд нь хүрэхгүй байгаа, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай боловч түүнээс хүртэж чадахгүй байгаа иргэд шударга бус шүүхийн шийдвэрээс хохирсон иргэд, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа иргэд эрх баригчдад амлалтыг нь сануулахыг хүсэгчид, зээлд хамрагдаж чадахгүй байгаа жижиг дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, түрээслэгчид, Ц.Мөнхбаярыг өмгөөлөгчид, Оюутолгойн гэрээтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэгчид, Ураны эсрэг тэмцэгчид, байгаль орчны хөдөлгөөнийхөн, ногоон уутыг хүүхдийн цэцэрлэг болгохыг хүсч байгаа иргэд, амьдралд нь орлого нь хүрэлцэхгүй багаа иргэд, гэр оронгүй хүмүүс, өвчин зовлонтой боловч нийгмийн халамж хүртэж чадахгүй байгаа хүмүүс гээд амьдралдаа ямар л асуудал байна түүнийгээ авчирч хоёр өдрийн турш төв талбайд танилцуулья хэмээн уриаллаа.