2015 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2014 оны 11 сарын 07

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.11.07.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх танилцуулгыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл  танилцуулав.

Тус байнгын хороо чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар гишүүд, Засгийн газрын болон түүний баталгаатай гадаад өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэх, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцэл, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах гэсэн заалтыг тогтоолын төсөлд нэмэх нь зүйтэй гэсэн Ажлын хэсгийн саналыг дэмжсэн. Түүнчлэн төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монголбанкинд даалгах гэх мэт зарчмын зөрүүтэй 8 санал, найруулгын шинжтэй 2 саналыг гаргажээ.

Хэлэлцүүлгийн явцад Ц.Нямдорж, Д.Ганбат, Д.Лүндээжанцан, Б.Чойжилсүрэн, Д.Сарангэрэл нарын гишүүд төсөл санаачлагч болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж саналаа хэлсэн.

Гишүүд асуулт асууж, саналаа хэлж дууссаны дараа хуралдаан даргалагчийн зүгээс Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал болон найруулгын шинжтэй саналуудыг санал тус бүрээр санал хураахад уг саналуудыг гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулав. Харин Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр танилцуулсан.

Байнгын хорооны дүгнэлтэд, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, ... гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ... иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай тусгажээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн О.Баасанхүү гишүүнээс өөр байгаагүй бөгөөд тэрээр Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзэж буй тухайгаа хэлж байсан.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Цэцийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжсэн хэдий ч уг "хүлээн авах тухай" тогтоолын төслийг дэмжээгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11630
0 эможи
keyboard_arrow_up