Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2014 оны 11 сарын 07

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2014.11.07/ хуралдан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ажлын хэсгийн гишүүд идэвхтэй ажиллаж, ойлголцож ажилласан гэдгийг дурдаад ажлын хэсэг дээр хэлэлцэн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж өгөхийг хүссэн.

Байнгын хорооны гишүүдийн олонх Засгийн газрын болон түүний баталгаатай гадаад өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэх, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцэл, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах гэсэн заалтыг тогтоолын төсөлд нэмэх нь зүйтэй гэсэн Ажлын хэсгийн саналыг дэмжсэн. Түүнчлэн төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монголбанкинд даалгах саналыг дэмжсэн.

Санхүүгийн зах зээлд экспортын болон давхар даатгалын оновчтой тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлэх, Хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг мөнгөн хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хангах зэрэг саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11602
0 эможи
keyboard_arrow_up