“Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурал боллоо
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, АНУ-ын Азийн сан, Авлигатай тэмцэх газар, Эмэгтэй удирдагч сан, Монгол Улсын Их сургуулийн удирдлагуудтай хамтран “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр /2014.11.06/ Төрийн ордонд зохион байгуулав.
Хуралд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони Линдберг, Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга Э.Амарбат нар болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож авлигаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга замыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахад тулгарч буй саад бэрхшээлийг хөндөн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог онол практикийн бага хурлыг нээж үг хэлэв. Тэрээр энэхүү хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч, хатагтай Мелони Линдберг болон бусад байгууллагын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд авлигатай тэмцэх шинэ алхам хийхэд энэхүү хурал үр дүнгээ өгнө гэдэгт найдаж буйгаа онцлов.
Мөн тэрээр “Монгол Улс нэг үеэ бодоход авлигатай тэмцэх бүтэцтэй болсон. Түүгээр ч зогсохгүй эрх зүйн орчин бүрдсэнийг хэлэхэд таатай байна. Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд хүрнэ гэдэг аюултай. Авлигын асуудал өөрөө олон нийтийг хамарч чадахгүй байна. Тиймээс энэ асуудалтай тэмцэх шинэ алхам хийхэд энэхүү онол практикийн бага хурал ихээхэн үр дүн өгнө гэдэгт найдаж байна” гэв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар “Авлигатай тэмцэх замаар үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ Шилэн дансны тухай хууль авлигатай тэмцэхэд ихээхэн үр дүн өгнө гэдэгт найдаж буйгаа онцлоод энэхүү хууль нь төрийн үйлчилгээг сайжруулахад онцгой ач холбогдолтой хэмээв. Мөн тэрээр улс төрийн намуудын сонгуульд зарцуулж буй хөрөнгийн зардалд хийсэн судалгааны дүнг танилцуулсан бөгөөд 2012 онд намууд Улсын Их Хурлын сонгуульд зарцуулсан хөрөнгийн хэмжээ өмнөх 2008 онтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ.
Мөн энэ үеэр АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони Линдберг үг хэллээ. Тэрбээр онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулж, дэмжин ажиллаж буйдаа баяртай байна хэмээгээд АНУ-ын Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулахдаа ардчиллыг дэмжин, сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч байгаа талаар онцлон хэлэв.
Мөн тэрээр “Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсад өндөр түвшний авлига хэрхэн тодорхойлогдож байгаа талаар нэгдсэн ойлголтод хүрч, энэ асуудлыг шийдвэрлэх бодлогын зөв арга замыг олох ач холбогдолтой юм. Азийн сан Монгол Улсад засаглал ил тод байдлыг дэмжих хөтөлбөрийг сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд тус хөтөлбөр нь өнөөдрийн хурлыг зохион байгуулах үндэс суурь болсон. Бид төсөл хэрэгжих хугацаанд ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Эмэгтэй удирдагч сантай нягт хамтран ажиллалаа” хэмээв.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгоны хийсэн мэдээллээр Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 2012,2013 онд эрүүгийн 351 хэрэг шалгасан бөгөөд давхардсан тоогоор 693 хүн хэрэгт холбогджээ. Эдгээрээс 372 нь төрийн захиргаа, үйлчилгээний тусгай албан тушаалтан байсан аж. Мөн Авлигатай тэмцэх газар сүүлийн хоёр жилд 123 тэрбум төгрөгийн хохирол илрүүлсэн бөгөөд 9,4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Энэ нь 2010, 2011 онуудтай харьцуулахад 9 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Хурлын үеэр тус байгууллагаас Авлигын эсрэг хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Авлигын эсрэг үндэсний стратегид хурлаас гарсан зөвлөмжүүдийг тусгах зэрэг санал гаргалаа.
Хуралд оролцож буй төлөөллүүд авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдэд авлигатай холбоотой эрсдэлд үнэлгээ хийх, авлигатай тэмцэх чиглэлээр стратегийн хөтөлбөр боловсруулах зэрэг олон чухал санал дэвшүүлэв.