Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 54.5 хувийн саналтайгаар огцрууллаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2014.11.05/ хуралдаан 9 цаг 20 минутад 68.4 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д өдөр өргөн мэдүүлсэн.
Ингээд УИХ-ын нэр бүхий 28 гишүүнээс Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь буюу 64.7 хувь нь дэмжлээ. Энэ асуудлыг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дууслаа. Нийт 66 гишүүн оролцож 36 гишүүн буюу 54.5 хувийн саналтайгаар Ерөнхий сайд Н.алтанхуягийг огцруулахыг дэмжлээ.