Элчин сайд Станислав Чепурнойг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2014.11.04/ Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурнойг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орсон Элчин сайдад баяр хүргэв. Тэрээр цааш нь хэлэхдээ, Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагаа идэвхжиж, хоёр талын харилцааны шинэ хуудас эхэлсэн. Тухайлбал 2013 онд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Мөн Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Энэ онд тус комиссын хоёрдугаар хуралдааныг Минск хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд манай талаас зарим салбарын сайд нар Беларусь Улсад айлчилсан нь манай хоёр орны харилцаа өргөжин хөгжиж байгаагийн илрэл хэмээн онцлон тэмдэглэв.
Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной, Улсын Их Хурлын даргыг хүндэтгэн хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа илэрхийлээд Беларусь Улсын боловсрол, хөдөө аж ахуй, Уул уурхайн салбарын дэвшилтэт технологийн талаар санал солилцов.
Монгол Улс, Беларусь Улстай 1992 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.