УИХ-ын гишүүн О.Баасанхүү Индонез Улсад ажиллав

2014 оны 11 сарын 03

УИХ-ын гишүүн, Монгол, Индонезийн Парламентын бүлгийн дарга О.Баасанхүү 2014 оны 10 дугаар сарын 31-нд Бүгд Найрамдах Индонез Улсад ажиллаж, тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга хатагтай Нурхаяати Али Ассегафтай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол, Индонезийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд, ашигт малтмалд тулгуурласан эдийн засагтай орнуудын хувьд энэ салбарын хууль тогтоомжийн талаар харилцан туршлага солилцох сонирхолтойгоо илэрхийлэв. Мөн хоёр орны иргэд хоорондын харилцааг идэвхижүүлэх зорилгоор Индонезид аялал жуулчлалын зорилгоор зорчих Монгол Улсын иргэдэд тус улсын хил дээр виз олгох боломжийг судлахыг хүсэв.

Хатагтай Н.Ассегаф Парламент хоорондын хамтын ажиллагааны даргаар томилогдсоноос хойшхи гадаадын анхны зочноор монголын төлөөлөгчдийг ийнхүү хүлээн авч буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Хоёр орны харилцаа 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш амжилттай хөгжиж байгаа бөгөөд цаашид энэхүү харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Тэрээр хоёр орны иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд визийн нөхцлийг хөнгөвчлөх саналыг дэмжиж, холбогдох арга хэмжээ авахаа мэдэгдэв. Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дэд дарга М.Хафид нар тус тус оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11327
0 эможи
keyboard_arrow_up