Сангийн сайдгүй Засгийн газрын санаачилсан “төсвийн эцэг” хуулийн төслүүдийг УИХ буцаалаа

2014 оны 10 сарын 31

УИХ улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцсэн боловч гишүүдийн ширүүхэн шүүмжлэлтэй тулгарч дэмжигдсэнгүй.

Ингэснээр дээрх хуулиудыг буцааж Засгийн газар УИХ-ын гишүүдийн шүүмжилсэн асуудлуудад анхааралтай хандаж дахин нарийн тооцоолол хийж дараагийн удаад унахгүй байхаар засварлах хэрэгтэй болж байна.

Уг төсөлд 2015 оны хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 7.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7,160.4 тэрбум төгрөг, хэрэглээний үнийн индексийн дундаж түвшин 7,0 хувь,  нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 7,638.8 тэрбум төгрөг, улсын өрийн нийт хэмжээ нь ДНБ-ий 40 хувьд байна гэх зэргээр тооцсон байв.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал макро эдийн засгийн үзүүлэлтүүд үндэслэлгүй байгааг ичтэл нь шүүмжилж, Сангийн сайд асан С.Баярцогт төсвийн хүрээнийн мэдэгдлийг дангаар нь баталж өөрсдийгөө хуураад яах юм бэ хэмээсэн зэргээс харахад энэ нь улстөржсөн саад тотгор бус, үнэхээр түүхий төсөл оруулж ирсэн нь харагдлаа. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэгчлэн энэ тохиолдолд огцруулчихсан Сангийн сайд асанаа буруутгах гэхээсээ илүүтэй УИХ өөрөө ажлын хэсэг байгуулж Засгийн газрыг богино хугацаанд сайн төсөл оруулж ирэхэд нь дэм болох маягаар төрийн ажлаа үргэлжлүүлэхээс өөр аргагүй болж байна.

Тэгээд ч Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн үүний өмнөх нэгдсэн хуралдаануудаар төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд Сангийн яамныханд шүүмжлэлтэй хандаж байсан. Сангийн сайдын үүргийг давхар гүйцэтгэж буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдийн шүүмжлэлийг сонсоод “Харин тийм, яахаараа ингэдэг байна аа, орон нутгийнханд төсвийн эрхийг шилжүүлэх нь зөв байгаа биз” гээд сууж байгаа зэргээс харахад одоогийн байдлаар УИХ улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд оруулах тухай хуулийн төслийг баталж чадахгүй нь тодорхой.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын шүүмжлээд байгаачлан “Эдийн засгийн хямрал үүсэх үндэс нь хууль зөрчдөг. Төсвийн сахилга бат хариуцлагагүй байдал үүнд нөлөөлж байна. Эдийн засгийн өсөлтийг 7.1 хувиар тооцсон нь ямар ч үндэслэлгүй байна, ирэх онд эдийн засаг илүү хүндрэхээр байгаа тул эрсдэлээ бодитой тооцох хэрэгтэй. Өрийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг нь татвар нэмэгдэнэ гэсэн үг. Татвар нэмэгдэх газарт хөрөнгө оруулах сонирхол буурдаг. Гэтэл бид буруу тоон дээр үндэслэгдсэн бодлого бариад сууж байна. Өнөөдрийн энэ өргөн барьсан төсөл дээрх тоонд итгэхгүй байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд хэчнээн ам.долларын өртэй, хэзээ ямар хүүтэйгээр буцааж төлөхвэ гэдэг задаргаа нь хэрэгтэй байна. ДНБ-ий 40 хувьд өрийн хэмжээ багтаж байгаа гэдэгт чинь итгэхгүй болоод ийм тоо нэхэж байгаа юм” хэмээсэн нь үнэнд нийцсэн учраас ийнхүү дийлэнх гишүүдийн дэмжлэгийг хүлээж “Бушуу туулай борвиндоо” гэгчээр “түүхий” төсөл хийхээс эмээж дээрх хуулиудыг хэлэлцэхээс татгалзахад хүргэв бололтой.

Түүнчлэн Сангийн яамныхны тайлбарлаж байгаачлан Оюутолгойн хөрөнгө оруулалт шийдэгдэж валютын дотогшлох урсгал нэмэгдэх, төмөр замын царигын асуудал шийдэгдсэн тул эерэг нөлөөлөл үзүүлж ам.долларын ханш 1750 орчимд багтах болно” хэмээсэн нь итгэл үнэмшил төрүүлж чадсангүй. Ийм бүрхэг бүүдгэр төсөв баталчихаад бүтэц, бүрэлдэхүүн нь дутуу Засгийн газартайгаар холион бантан хутгасан хэрэгт УИХ-ын гишүүд оролцохыг хүссэнгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11199
0 эможи
keyboard_arrow_up