Н.Алтанхуяг: Намайг урагшаа явах гэхээр хоошоо татаад байх юм. Хэрэлдвэл хэрэлдээд, хэлэлцвэл хэлэлцчихье!

2014 оны 10 сарын 31

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ихээхэн ууртай байна. Уурлахаас ч яахав. Цөөнхийн бүлэг түүнд улс орны болохгүй бүтэхгүй бүхнийг тохож эхэлсэн. Үүрэх ч ёстой, хариуцах ч ёстой алба л даа уг нь. Дээр нь М.Зоригт, Ж.Батзандан, Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ын нөлөө бүхий лидерүүд түүний эсрэг хөдөлж байна. Ийм байдалд бухимдалтай яваа Н.Алтанхуягийн буруу биш.

 Уржигдар болсон төрийн гурван өндөрлөгийн уулзалтын мэдээлэл өчигдөр төрийн ордонд давс хужир нэмэгдэн задарч эхэллээ. УИХ-ын гишүүдийн яриагаар бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын ажлаа өг гэж шахалт үзүүлсэн л гэнэ. Нөгөөдөх нь "Би та хоёрыг энд суулгасан гавъяатай, Би АН-ыг сүүлийн гурван сонгуульд ялуулсан" гэж даналзсан сурагтай. Ийм зүйлүүд яригдсан гээд л ордны өрөө дамжин сонин цуварч байна. Тэгээд Н.Алтанхуяг сайндаа ч гурван удаа ялалт байгуулаагүй. МАН дотроо задарсан. Н.Энхбаярыг хорьсон. МАН-ын олон албан тушаалтаныг авлигалын хэргээр шалгасан. Ард түмэн МАН-аас уйдсан үе таарсан. Сонгуулийн хар машин нөлөөлсөн гэх мэт элдэв тайлбаруудыг Н.Алтанхуягт дайх хүмүүс олон байна. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь Н.Алтанхуягийг өмөөрч байхад нөгөө хэсэг нь өмөөрөх үндэслэлүүдийг үгүйсгэсээр байна.

 Өчигдөр хаалттай хуралдсан АН-ын бүлгийн хуралд бүх гишүүд нь суусан гэнэ. Тэгээд бүгд л тойрч санал шүүмжлэл өрнүүлжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч ихээхэн ширүүн байсан гэнэ. Уг нь түүнийг АН-ын даргын албан тушаалаасаа татгалзсан мэдэгдэл хийнэ гэсэн мэдээлэл ихээхэн тарсан. Тиймээс энэ талаараа байр сууриа илэрхийлнэ гэж хүлээтэл тийм юм болоогүй мэдээлэл хийсэн аж. Гишүүдийнхээ хүлээснээс өөр зүйлийг ярьжээ. Гишүүд түүнээс мэдэгдэл хүлээж байж. Ингээд ойлголцолд хүрээгүй АН-ын бүлэг орой хуралдана гэсэн зар тараасан юм. Орой хурал нь болсонгүй. Харин өнөөдөр үргэлжлүүлэн хуралдахаар болжээ. Өчигдөрийн АН-ын хаалттай хуралдаанаар бүх л гишүүд нь идэвхитэй байснаас бие биерүүгээ дайрч давшилсан хандлага ч их байжээ. Үндсэндээ АН-ын даргаа өөрчилөх үү? Ерөнхий сайдаа солих уу? Улс орны өнөөгийн дампууралд хэн буруутай гэх мэт олон асуудалд хариулт олох гэжээ. Ямар ч байсан ҮЗХ-гоо хуралдуулахаар болж.

Харин АН-ын бүлгийн хурлаа завсарлуулсны дараа Ерөнхий сайд УИХ-ын үдээс хойшх чуулганд суусан юм. Чуулганы индэрт хэлэх гэсэн үгээ андуурч уншаад баахан инээлгэв. Ихээхэн сандаралтай байгаагийн шинж л дээ.  АН-ынх нь гишүүд бухимдуулсны дараа МАН-ын гишүүд ч түүнийг асуултаар бөмбөгдөж олон зүйлээр шүүмжлэв. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв гэдэг шиг тэрээр "Ингээд намайг урагшаа явах гэхээр хоошоо татаад байх юм. Хэрэлдвэл хэрэлдээд, хэлэлцвэл хэлэлцчихэе" гэж чуулганы танхимд хэлж олон гишүүдийг ангайлгав. Түүний энэ байр сууринаас харвал зориг зүрх орсноос гадна яасан ч яадаг юм бэ гэсэн хандлага ажиглагдаж байлаа.

 Хэрэв Н.Алтанхуяг Ерөнхий сайд, АН-ын даргаараа үлдэж чадвал энэ намын түүхэн амжилт болно. Гайхамшигтай үйл явдал. Хүршгүй амжилт л даа. Бас ямархуу арга зальтай, бодлоготой аавын хүү болохоо харуулна. Бас Монгол Улсын хаан болно. Юун Н.Энхбаяр. Н.Энхбаяраас ч илүү дарангуйлал тогтоох гэж үзнэ. Асар том махны машиныг эргүүлнэ. Түүний эрэг шургуулганд олон ч гишүүд хэрчигдэнэ дээ. Ийм айдас АН-ын олон гишүүдэд төржээ. Ардчилсан гэж яригдах энэ үеийн олон үйл явдал үүнийг эхнээсээ нотолж эхэлсэн дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11153
0 эможи
keyboard_arrow_up