З.Энхболд: Хоёр талын хүчин чармайлтын үр дүнд хоёр улсын найрамдалт харилцаа шинэ зарчим, шинэ хэлбэрээр хөгжиж байна

2014 оны 10 сарын 29

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон юм.

Тэрээр уг арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ, “Дипломат харилцаа тогтоосноос хойших 65 жил нь мянга мянган жил хил залган оршиж ирсэн Монгол, Хятад хоёр ард түмний харилцааны түүхийн ахархан нэг хэсэг боловч хоёр улс олон улсын эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүлээн зөвшөөрч, шинэ зарчмаар, шинэ хэлбэрээр харилцаж эхэлсэн үе гэдгээрээ онцлог юм. Хоёр улсын хоорондын дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцол улам бүр бэхжиж байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж хоёр улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байна. Хоёр улсын иргэд харилцан зорчих нь нэмэгдэж, соёл, хүмүүнлэгийн солилцооны агуулга, хэлбэр ч баяжиж байна. Хамтын ажиллагаа ийнхүү эрчимтэй хөгжиж байгаа нь юуны өмнө хоёр талын аль аль нь Монгол, Хятадын харилцаанд өндөр ач холбогдол өгч ирсний үр дүн гэж үзэж байна. 2014 он нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийн ой тохиож буй онцлог жил юм.

Ийм онцлог жил миний бие БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсандаа баяртай байна. Айлчлалын үеэр Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизм байгуулахаар тохиролцож, холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа. Байнгын уулзалтын механизмтай болсноор парламент хоорондын харилцаа илүү гүнзгийрч, хоёр улсын хамтын ажиллагаанд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Дэд бүтэц, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт Монгол Улсад ойрын жилүүдэд идэвхтэй өрнөх нь манай улсад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах өргөн боломжийг гадаадын аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Төмөр замын хамтын ажиллагаа, транзит тээврийн чиглэлээр саяхан БНХАУ-тай байгуулсан гэрээ хэлэлцээрүүд нь харьцангуй их хэмжээний Монголын бараа бүтээгдэхүүнийг Хятадын олон боомтоор хөнгөлөлттэй тарифаар тээвэрлэх боломжийг олгож буйг тэмдэглэхийг хүсч байна. Эдгээр таатай боломжуудыг хил залгаа оршдог хөрөнгө санхүү, технологи, ажиллах хүчний хувьд давуу талтай БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд юуны өмнө ашиглах боломжтой ” гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг , УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон албаны бусад төлөөлөгчид багтсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10970
0 эможи
keyboard_arrow_up