НББСШУБХ-ны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

2014 оны 10 сарын 28

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.10.28/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр товлоод байсан. Гэсэн ч Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 20147.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхэд намын бүлгүүд саналаа гүйцэд ирүүлээгүй байгаа тул хуулийн төслийг энэ удаагийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасахаар шийдвэрлэсэн юм. Мөн Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай/-ийг хэлэлцэх эсэх асуудал товлогдсон ч салбарын сайд өвчтэй байгаагийн улмаас асуудлыг хойшлуулахаар тогтлоо.

Ингээд хуралдаанаар Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 16 гишүүн 2014.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг  Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.

Нийгмийн даатгалын байгууллагаас гаргасан мэдээллээр 25000 малчин буюу нийт малчдын 6,0 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна. Нийгмийн даатгалын сангаас 45,6 мянган малчин өндөр насны, 9,5 мянган малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд 2013 онд 3,2 мянган малчин шинээр тэтгэвэрт гарчээ. Гэхдээ тэтгэвэр авагчдын дийлэнх нь 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан хүмүүс байгаа аж. Үндэсний статистикийн хорооны 2013 оны мэдээллээр манай улсад 145229 малчин өрх байна. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27,4 хувь байгаа бол малчдынх 34,4 хувь, малчин бус иргэдийнх 24,4 хувь байна. Иймд манай улсын эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуйд ажиллагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохтой дүйцэхүйц арга хэмжээ болгон 1995 оноос хойших 20 жилийн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгох нь тэдний оролцоотойгоор нийгмийн баталгааг нь хангахад чухал ач холбогдолтой. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулиар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд ажилласан жилээ нөхөн тооцуулж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол малчид нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа учраас уг хуулийн үйлчлэлд хамрагдах боломж багатай байснаараа онцлог гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн.

Гишүүдийн зүгээс тухайн малчин 20 жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын ямар ч шимтгэл төлөөгүй явж ирсэн бол одоо хэдэн төгрөг нөхөн төлөх болон улсын төсөвт ямар ачаалал ирэх асуудлыг тодотгож байв.

Хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгох боломжтой байхаар тусгасан. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгохоор тооцож байгаа бол энэ хэмжээнд даатгалаа төлөөд явах нь ашигтай гэсэн тайлбарыг хууль санаачлагчдын зүгээс өгсөн. Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, өнөөдөр малчдад тулгамдаж байгаа асуудлын нэг бол тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх асуудал. Хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг малчдын нийгмийн даатгалын асуудалд анхаарал хандуулж гишүүдийн зүгээс хуулийн төсөл санаачлан оруулж ирж байгааг дэмжиж байна. Хуулийн төслийг хэрэгжүүлснээр улсын төсөвт тодорхой ачаалал ирэх юм байна. Мөн малчдын тэтгэврийн зөрүүг нөхөх аргачлалыг тодорхой гаргаж өгөх хэрэгтэй. Иймээс хуулийн төслийг илүү ойлгомжтой, тодорхой болгох үүднээс ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэллээ.

Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 90,9 хувийн саналаар дэмжлээ.

Үүний дараа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийн сантай байх тухай / хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс чанартай, баталгаатай эмийн үйлчилгээний талаар санаа тавьж байгаа нь талархууштай ч эхлээд энэ салбарын шинэчлэлийн талаар ярих хэрэгтэйг сануулж байв. Мөн цаг алдалгүй хэлэлцэх ёстой Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн тухай зэрэг хуулийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн асуудлыг яриад шийдээд явах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсан юм.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр 34, эм ханган нийлүүлэх байгууллага 111, эмийн сан 1200 байгаа гэсэн судалгаа байна. Өнөөдөр иргэдийг чанартай, баталгаатай эмээр хангах асуудал тулгамдсан асуудал болоод байгаа. Иймээс тухайн эмч өөрийн харьяа эмнэлгийнхээ эмийн сантай цахимаар холбогдож өвчтөнд ямар эм шаардлагатай байгааг хэлж, эмчилгээ явуулдаг байх нь үр дүнтэй, баталгаатай гэж үзсэн. Бусад улс орон бүгд энэ жишгээр ажилладаг. Харин гадуурх эмийн сангуудын үйл ажиллагааг хаах асуудлыг энд яриагүй. Эмийн худалдаанаас эргээд ашиг нь орж ирдэг тул төсөвт хүндрэл үүсэхгүй. Өвчтөн, эмч хоёрыг холбодог эмийн үйлчилгээг үзүүлэхэд чанартай, баталгаатай эмийн сан хэрэгтэй гэсэн тайлбарыг өгсөн.

Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10919
0 эможи
keyboard_arrow_up