З.ЭНХБОЛД: Эрчим хүч экспортлох, импортлох ерөнхий хэлэлцээр байгуулах шаардлагатай
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпинд /2014.10.27/ бараалхах үеэр хэлэлцсэн асуудлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын дарга З.Энхболд: “Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөршүүд, харилцан ашигтай хамтдаа хожих сайн түншүүд, хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой” гэсэнтэй миний бие санал нэг байна
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.10.27/ БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед Эрхэмсэг ноён дарга Тантай дахин уулзах завшаан тохиож буйд баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танд халуун дотно мэндчилгээг дамжуулж буйг уламжлая. Энэ оны наймдугаар сард Таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Душанбе хотноо болсон Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын анхны уулзалтын үр дүнд Монголын тал сэтгэл хангалуун байна. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрч, эдүгээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хөгжиж байгаад баяртай байна. Таны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд таны хэлсэнчлэн, “Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөршүүд, харилцан ашигтай хамтдаа хожих сайн түншүүд, хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой” гэсэнтэй миний бие санал нэг байна.
Парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. Хоёр улсын парламент, улс төрийн намуудын харилцан солилцоо, хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдаж байна. Монголын талаас дэвшүүлсэн хоёр улсын парламентын хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай саналыг хятадын тал хүлээн авч, энэ удаагийн айлчлалын үеэр “санамж бичиг”-т гарын үсэг зурж буйдаа баяртай байна гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд: БНХАУ саяхнаас нүүрсний импортын татвар тогтоох болсон нь сүүлийн жилүүдэд амаргүй байдалд байгаа манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна. Иймд татвараас чөлөөлж өгөхийг хүсье.
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд хандан, Монголд боловсруулсан нүүрс, гангийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр Хятадад экспортлох нөхцөл бүрдүүлэхийг хүсч байна. Нүүрсний худалдаа нь Монгол, Хятадын худалдааны тодорхой хувийг бүрдүүлж буй. Дэлхийн хамгийн том нүүрс импортлогч улс БНХАУ саяхнаас нүүрсний импортын татвар тогтоох болсон нь сүүлийн жилүүдэд амаргүй байдалд байгаа манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна. Тиймээс нүүрсний зах зээлийн байдал сайжрах хүртэл тодорхой хугацаанд манай компаниудыг нүүрсний импортын татвараас чөлөөлөх хүсэлт тавьж байна хэмээн уулзалтын үеэр хэллээ.
Мөн нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Эхний ээлжинд бид Улаанбаатар хотын хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, нүүрсийг гүн боловсруулах загвар төсөл болгохоор төлөвлөж байна. Манай тал мөн “Синопек” корпорацитай синтетик газ экспортлох урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байна. Монгол Улсын нүүрсний томоохон ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн цахилгааныг Хятадад экспортлох, Монголд ашиглаж буй ДЦС-ыг өргөтгөх чиглэлээр Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Үүний тулд юуны өмнө цахилгаан экспортлох, импортлох Ерөнхий хэлэлцээрийг байгуулах шаардлагатай байгааг УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга З.Энхболд: "Талын зам санаачилгын хүрээнд баруун чиглэлийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар тул энэ боломжийг судлаж үзэхийг хүсье
Мөн тэрээр хэлсэн үгэндээ, Монгол-Хятад-Оросын төрийн тэргүүн нарын уулзалтаар гурван талын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж их байна. Хятадын талаас дэвшүүлсэн “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг монголын талаас дэвшүүлж буй “Талын зам” санаачилга болон оросын талын санаачилгатай уялдуулах талаар зарчмын тохиролцоонд хүрлээ.
“Талын зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төмөр зам, авто зам, байгалийн хий, эрчим хүч, газрын тос зэрэг чиглэлүүдийн дотроос нөхцөл, боломж сайтай нэгээс хоёр томоохон төслүүдийг юуны өмнө хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал Хятад, Оросын хооронд тавихаар төлөвлөж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих саналыг бид олон жил тавьж ирсэн. “Зүүн чиглэл”-ийн хоолойг барихтай холбоотой хэлэлцээг Хятад, Оросын холбогдох аж ахуйн аж ахуйн нэгжүүд хийж байгаа. “Баруун чиглэл”-ийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар тул энэ боломжийг хамтран судлах саналыг дахин тавьж байна.
УИХ-ын дарга З.Энхболд: 2016 оны АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монгол Улсад болно
Хэдхэн хоногийн өмнө Милан хотноо болсон АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтаас 2016 оны Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрх өгснийг дуулгахад таатай байна. Хятадын тал энэ асуудалд анхнаасаа дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлье хэмээн УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр онцлов.
С.Ламбаа: Бодит үр дүнд хүрэх, чухал ач холбогдолтой уулзалт боллоо
УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа энэхүү уулзалтын талаар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тавьсан санал, гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрийг ажил хэрэг болгож, үр дүнд хүргэхэд энэхүү уулзалтын ач холбогдол оршиж байна. Нүүрс хийжүүлэх төслийн талаар “Синопек” корпорацитай хамтран ажиллахын өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, нүүрсийг гүн боловсруулах загвар төсөл хэрэгжүүлэх саналыг УИХ-ын дарга З.Энхболд гаргасныг БНХАУ-ын дарга Си Зиньпин дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн Си Зиньпин дарга, БНХАУ-д Монгол Улсаас үхэр болон хонины махыг экспортлох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ Монгол Улс, Хятад улстай цахилгаан, эрчим хүч экспортлох, импортлох Ерөнхий хэлэлцээрийг байгуулах саналыг дэмжлээ” хэмээн онцлов.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар: Хамтран ажиллая гэсэн чин эрмэлзэл хоёр орны харилцаанд тогтлоо
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд дурдахдаа, Хоёр орны дээд хэмжээний уулзалтууд сүүлийн үед тогтмолжиж байна. Энэхүү уур амьсгалыг бүрдүүлэхэд БНХАУ-ын удирдлагын зүгээс хөрш орнуудтайгаа, тэр дундаа Монгол Улстай ойр хамтран ажиллая гэсэн чин эрмэлзэл, бодлого барьж буй нь хамтын ажиллагаанд түлхэц болж байна. Энэхүү чин эрмэлзэл нь манай хоёр орны харилцаанд тогтлоо хэмээн дүгнэлээ.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцав.