УИХ-ын гишүүн Д.Ганбат, Л.Болд нар Баянхонгор аймагт ажиллав

2014 оны 10 сарын 27

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Богд, Жинст, Өлзийт сум болон аймгийн төвд ажиллалаа.

Улсын Их Хурлын гишүүд Богд суманд ажиллах үеэрээ “Богд сумын сум дундын эмнэлэг болон тойргийн сумдын эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнд оролцов. Зөвлөгөөнд Богд сумын сум дундын эмнэлэгийн бүсэд хамрагддаг Баянлиг, Баянговь, Жинст зэрэг сумдын эмч мэргэжилтнүүд, сум багийн засаг дарга нар оролцсон юм.

   Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж байгаа болон хэлэлцэхээр хүлээгдэж буй хуулийн төслүүдийн талаар танилцууллаа. Тэрээр, улсын төсөв хүндрэлтэй байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарын төсөвт анхаарах шаардлага зүй ёсоор тулгамдаж буйг онцолсон юм.

   Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, төрийн төлөө зүтгэж буй санаа зорилго нэгтэй хүмүүстэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, УИХ-аар ирэх оны улсын төсөв хэлэлцэж байгаа талаар танилцуулав. Мөн тэрээр аймаг, орон нутгийн өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал бол хөгжлийн асуудал гэдгийг онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн Баянхонгор аймаг өнөөдрийг хүртэл хилийн боомтгүй явж ирсэн. Иймд хилийн боомттой болгох асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат эрчимтэй хөөцөлдөж байгаа гэдгийг дуулгаад, энэхүү санал санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

   Зөвлөгөөнд оролцогчид

   Аймгийн хэмжээнд Богд, Баянцагаан, Жаргалант сумдад сум дундын эмнэлэгтэй. Сум дундын эмнэлэгийн статусаар үйл ажиллагаа явуулахад төсөв хөрөнгөний асуудал хүндрэлтэй байдаг байна. Сум дундын эмнэлэг гэсэн статустай ч сумын эмнэлэгүүдтэй адил хэмжээний төсөвтэй байдаг. Тухайлбал: Баянлиг сумаас Богд сумын сум дундын эмнэлэгт ирж хагалгаа хийлгээд буцах болоход өвчтөнийг сумаас сумын хооронд хүргэж өгөх унаа байдаггүй. Эмнэлэгийн машинаар хүргэж өгье гэхээр төсөв байдаггүй зэрэг олон бэрхшээл тулгамддаг байна. Энэ нь эргээд аймгийн нэгдсэн эмнэлэгийн ачааллыг ихэсгэдэг. Тиймээс сум дундын эмнэлэгийн статусаар ажиллахад тулгамдаж буй бэрхшээл, төсөв санхүү гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх хэлэлцээрүүдийг зохион байгуулж шийдэлд хүрэхэд “Богд сумын сум дундын эмнэлэг болон тойргийн сумдын эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа аж.

Бууцагаан, Баянлиг сумдад олгож буй гал унтраах автомашин

   Мөн Улсын Их Хурлын гишүүд тус аймагт ажиллах үеэрээ Бууцагаан, Баянлиг сумдын удирдлагуудад гал унтраах автомашин гардуулж өгөв. Аймгийн 2014 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд “Шинэ сум” төсөл хэрэгжсэн дээрх хоёр суманд гал унтраах автомашинтай болгох зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд аймгийн онцгой байдлын хэлтэс сүүлийн гурван жилд хамтран ажиллаж буй БНСУ-ын Чуннам аймгийн галын байгууллагад хүсэлт уламжилсны үндсэн дээр эдгээр гал унтраах автомашиныг бэлэглэсэн байна. Аймгийн онцгой байдлын хэлтэс энэ оны нэгдүгээр сараас эхлэн дээрх хоёр сумын Тамгын газрын ажилтнууд болон гал унтраах сайн дурын бүлгэмийн ажилтнуудад шаталсан сургалтыг хийжээ. Автомашин хүлээж авсан сумдад дадлагажуулах гал унтраах сургалтыг хийхээр бэлтгэл хангагдсан талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Т.Мөнхбаатар хэлэв.

Энэхүү автомашин нь гал унтраах бүх багаж хэрэгсэл, зориулалтын хувцас, баг, галын хоолойн шат, аврах олс гэх мэт гал унтраахад шаардлагатай хэрэгслүүдээр тоноглогдсон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10840
0 эможи
keyboard_arrow_up