Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барина
Монгол Улсад хүний халдашгүй эрхэнд халдах арга барил өөрчлөгдөөгүй, цагдан хорих байранд гүйцэтгэх ажил нэрээр хүний бие, эрх чөлөөнд халдаж дарамтлах эрүү шүүлтийн тодорхой хэлбэрүүд арилаагүй байгаа талаар анхааруулсан зөвлөмжүүд олон улсын байгууллагууд болон НҮБ-аас ирсээр байгаа юм.
Энэ байдлыг халахаар Засгийн газраас өмнө нь Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бол өнөөдрийн хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 3 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлээ. Хэрэг зөрчлийг хянан шийдвэрлэх бүтэц, ажиллагаа дарааллаараа эрэмбэлэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий хүмүүсийн ажлын чиг үүрэг болон байгууллагын үйл ажиллагаанд зохион байгуулалтын өөрчлөлт оруулахаар шинэчилсэн төслүүдэд тусгажээ.