Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар 2014 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпинд бараалхана.
Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах юм.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хятадын Төв телевиз “ССТV-9” болон “Феоникс”телевизэд ярилцлага өгнө. Мөн Хятадын СNPC корпорацид зочилж, “СИНОПЕК” корпорацийн удирдлагатай уулзана.
Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Батцэрэг, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид багтсан байна.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн.
1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он), Эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ, хэлэлцээр байгуулагдсан.
1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он), Эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ, хэлэлцээр байгуулагдсан.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр тал 2014 оныг “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан билээ.
Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалыг хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллана.