Н.Алтанхуяг: Урагшаа зөвхөн Хятад руу нүүрс гаргах гээд байгаа юм биш
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ "Урагшаа зөвхөн Хятад руу нүүрс гаргах гээд байгаа юм биш. Харин Хятадын нутгаар дамжаад далайн боомтууд руу гаргах, ингэхдээ боломжийн хэмжээний хямдралтай тарифийг Засгийн газрын хооронд тохирч чадсан. Тиймээс энэ асуудлыг дэмжээд шийдээд явья. Одоо маргаад байх зүйлгүй. Далан босчихсон. Иймд нарийн уу, өргөн үү гэдгийг хүлээж байгаа. Үүнийг шууд шийдэх ёстой. Мөн Хөөт гэдэг нь Чойбалсангийн хажуу талаас урагшаа Бичигт рүү явж байгаа чиглэл. Нөгөөх нь Сайншандаас Замын-Үүд. Гэтэл хоёр улсын Ерөнхийлөгч, дарга нарын айлчлалын үеэр бид үндсэн төмөр замдаа модернизаци хийх тухай асуудал хөндөгдсөн учир Сайншанд-Замын-Үүд гэсэн чиглэлийг больё гэж үзсэн. Гурван улсын хэмжээнд энэ асуудлыг ярьж шийдэх учир Засгийн газрын өргөн барьсан төслөөс Сайншанд-Замын-Үүдийн чиглэл хасагдаж, Тавантолгой- Гашуун сухайт, Хөөт-Бичигт гэсэн маршрутаар барья гэсэн. Харин Байнгын хорооны хуралдаанаас гаргасан саналаар хоёр асуудал нэмэгдсэн байна. Нэгд, Сайншанд-Ханги гэж орж ирсэн. Үүнийг заавал оруулж ирэх шаардлага байна уу. Засгийн газраас оруулж ирсэн асуудлаас зөрүүтэй байгаад болгоомжилж байна. Хоёр дахь нь Нарийн сухайт-Шивээ хүрэн. Энэ бол ойрхон 40 гаруй км. Үүнийг бас заавал өнөөдөр оруулах хэрэг байна уу. Саяхан том зам бариад дууссан байгаа. Иймд Засгийн газраас оруулж ирснээс өөр асуудал явж байгаад та бүхэн бодолтой хандаарай. Ялангуяа Сайншанд-Ханги чиглэлд боломж муутай. Иймд та бүхэн анхаарал хандуулаарай" гэж байр сууриа илэрхийллээ.