“Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг болов

2014 оны 10 сарын 23

 Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг  өнөөдөр /2014.10.23/ Төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Ё.Отгонбаяр, М.Зоригт нар болон Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчид, малчдын төлөөлөл оролцож малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх,  урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар  харилцан санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн малчдын өргөдөл гомдолтой холбогдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа талаар онцлоод төрөөс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа ч хулгайн гэмт хэрэг буурахгүй байгааг хэллээ.

Дараа нь Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдаад малын хулгайн гэмт хэргийн талаарх сүүлийн гурван жилийн судалгааг танилцуулав.

Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн 2011 онд 1169, 2012 онд 1376, 2013 онд 1435 бүртгэгдэж сүүлийн гурван жил дарааллан өссөн ба гэмт хэргийн илрүүлэлт 10,2 хувиар буурчээ. Малын хулгайн гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн 52,1 хувь нь ажилгүй иргэд байгаа бөгөөд гарсан хулгайн 80 гаруй нь малаа бэлчээрт эзэнгүй орхисонтой холбоотой аж. Хөдөө орон нутагт ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, орлогын тогтвортой эх үүсвэргүй иргэд малын хулгайн гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж  байгааг илтгэлдээ онцлов.

Хэнтий аймгийн Дархан сумын малчдын төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Содном малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар хэлэв. Хэнтий аймагт малчин өрхүүд нэгдэж малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хоршоо байгуулжээ. Малын хулгайн гэмт хэргийг таслан зогсооход хамгийн их саад болж буй зүйл нь илэрсэн гэмт этгээдүүдтэй малчид тохиролцож цагдаагийн байгууллагад хандалгүй орхих явдал гэдгийг малчид хэлж байсан юм.

Цагдаагийн Ерөнхий газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Г.Бөхчулуун, хөдөө орон нутагт шуурхай ажиллах хангамж муу байгаагаас гадна махны ченж нарын үйл ажиллагаанд тавих хяналт дутмаг талаар онцлоод  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид анхаарах хэд хэдэн санал гаргалаа. Тэрээр малчдын малын хариулга маллагааг сайжруулах, малын бүртгэлийн системийг боловсронгуй болгох, мах бэлтгэх тогтолцоонд өөрчлөлт хийх /тууварлах, тээвэрлэлт, нядалгаа, түгээлт, үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэгчдэд албан ёсны зөвшөөрөл олгох/, хулгайн гэмт хэрэгт холбогдогч этгээдүүдэд тавих хариуцлагыг чангатгах зэрэг олон чухал санал хэлэв.

Хууль зүйн яам болон Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчдын илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Ё.Отгонбаяр нар асуулт асууж хариулт авлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10640
0 эможи
keyboard_arrow_up