Ц.Даваасүрэн Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг өнөөдөр /2014.10.22/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Жеймс Андерсон, Төсвийн байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлэв. Мөн тэрээр, хоёр сарын өмнө томилогдож ирсэн бөгөөд Монгол Улсад 1993-1997 онд ажиллаж байсан. Өөрийгөө танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг, төсвийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох хүсэлтэй байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Монгол орны онцлогыг мэдэх туршлагатай хүн дахин томилогдож ирсэнд талархаж байна гээд 1993-1997 оны үед буюу таны ажиллаж байх үеийн эдийн засагтай харьцуулахад өөр болсон. Зөвхөн 2000 онтой харьцуулахад төсөв 16-18 дахин, улсын төсвийн хөрөнгө оруулалт 40 орчим хувиар өссөн. Гэхдээ бидэнд бодож төлөвлөх зүйл их бий хэмээн онцлон тэмдэглэв. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж экспортод гаргах болон хөдөө, аж ахуй, боловсролын салбарын асуудлаар хөндөн ярилцав. Тэрээр хэлэхдээ, Бидний ач холбогдол өгч буй салбар бол мал аж ахуй. Бид махны болон сүүний чиглэлээр дэлхийд хамгийн органик хүнсийг үйлдвэрлэх боломжтой. Монгол Улсын мал шиг бэлчээрээ сонгож өвсөө иддэг газар дэлхийд байхгүй. Хашаан дотроо тодорхой 3-4 нэр төрлийн өвс идэж байгаа. Харин манай улсад аймаг, сумаараа махны амт чанар, өөр байдаг. Бид эдгээрийг дэлхийн зах зээлд гаргах асуудал чухал. Хэзээ нэгэн цагт манай улсын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн /мах, сүү/ уул уурхайн бүтээгдэхүүн шиг ашиг өгч эхэлнэ гэдэгт эргэлздэггүй хэмээн онцлов.
Уулзалтад Дэлхийн банкны ахлах эдийн засагч Таехюн Ли, эдийн засагч Ш.Алтанцэцэг, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны референт Г.Нарантуяа болон албаны бусад хүмүүс байлцлаа.