М.БАТЧИМЭГ: Фракцын улс төр Үндсэн хуулиас эхтэй

2014 оны 10 сарын 17

 УИХ-ын гишүүн М.Батчимэг Улаанбаатарын эдийн засгийн клубээс уламжлал болгон зохион байгуулдаг уулзалт ярилцлагад урилгаар оролцож, “Засаглал ба хөгжил” сэдвээр илтгэл тавилаа. Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг атлаа иргэд нь ядуу, эдийн засгийн хөгжил дорой Африкийн орнууд, бараг ямар ч баялаггүй атлаа дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын ялгаа чухам юунд байна вэ гэдгийг  тэрээр илтгэлдээ хөндөж, төрийн эдийн засаг дахь оролцоо ямар хэмжээнд байх нь хамгийн чухал бус, харин ямар төр, ямар засаглал вэ гэдэг нь асуудлын гол зангилаа болохыг олон орны жишээн дээр харьцуулж тайлбарласан юм.

Тэрээр өрнөдийн аж үйлдвэржсэн орнуудыг богино хугацаанд гүйцэж хөгжсөн Зүүн Азийн орнууд, тухайлбал Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Хятадын жишээг иш татаж эдгээр орнуудын хөгжилд улс төрийн тогтолцооноос үл хамааран улс төрийн тогтвортой байдал, хүчтэй гүйцэтгэх засаглал, бодлогын залгамж чанар чухал үүрэг гүйцэтгэснийг онцолсон.  Монгол Улсад 1990 оноос хойш 24 жилийн хугацаанд Засгийн газар 14 удаа солигдсон бөгөөд Ерөнхий сайд нарын олонх нь нэг жил гаруйн хугацаанд алба хашсан байна. Гэтэл хамгийн сонгодог парламентын засаглалтай Англид өнгөрсөн хорин жилд гурван Ерөнхий сайд, Германд сүүлийн 32 жилд гурван Ерөнхий сайд солигджээ гэдгийг дурдаад хурдтай хөгжсөн улс орнуудад хөгжлийн зүтгүүр болж ирсэн гүйцэтгэх эрх мэдэл нь нэг дор төвлөрсөн байдаг бол Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хуваагдсан байдаг нь хариуцлагын тогтолцоог байхгүй болгож байгаа хамгийн гол шалтгаан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Үндсэн хуулиар танхимын сайд нарыг Ерөнхий сайд биш, УИХ шийдэж томилдог нь гишүүд хэд хэдээрээ нийлж дундаасаа сайд санал болгож Ерөнхий сайдад тулгах үндсэн шалтгаан болдог гэдгийг хэлээд  намууд дүрмээрээ фракцаа тарааж хориглолоо ч Үндсэн хуулийн энэ зохицуулалт хэвээр байгаа цагт гишүүд бүлэг бүлгээрээ нийлж Засгийн газрын хувь заяаг шийддэг, улс төрийг тогтворгүй болгодог байдал арилахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Илтгэлийнхээ төгсгөлд УИХ-ын гишүүн  М.Батчимэг улс орноо хөгжүүлье гэвэл засаглалаа сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцлоод, үүний тулд юуны өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентын сонгодог засаглалыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг цаг алдалгүй хийх, улмаар улс төрийн намуудыг бодлогын байгууллага болгон бэхжүүлэх шаардлагатай гэсэн юм. Энэ бүхнийг ажил хэрэг болгоход хариуцлагатай улс төрийн зөвшилцөл, нийгмийн оролцоо, шахалт шаардлага чухал гэдгийг мөн онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10331
0 эможи
keyboard_arrow_up