УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентийн Холбооны Ассамблейд оролцов
Монгол Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Г.Уянга нар Швейцарийн Женев хотноо энэ оны 10 дугаар сарын 12-17-нд чуулсан Олон улсын парламентийн холбооны 131 дүгээр Ассамблейд оролцов.
Энэ удаагийн Ассамблейгаар авч хэлэлцсэн “Хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох” тухай сэдэв нь өнөөдөр дэлхийн олон нийтийн санааг зовоож буй нэг чухал асуудал болж байгааг улс орнуудын парламентчид анхаарч, улс төрийн шийдвэртэй алхам авч хэрэгжүүлэхийг Ассамблейгаас уриалав. Эмэгтэйчүүдийн асуудлаар 1995 онд Бээжинд болсон дэлхий дахины 4 дэх бага хурлаас баталсан Тунхаглал, Үйл ажиллагааны индэр баримт бичигт тусгагдсан үзэл санаа, заалтууд нь хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх, тэдний эсрэг хүчирхийллийг зогсоох чиглэлд хэтийг харсан үзэл баримтлал байсаар буйг хуралд оролцогсод дахин нотлоод хүйсийн тэгш байдал нь тогтвортой хөгжлийн хүчин зүйл, дэвшлийн жишиг болж байгааг онцлов.
Өнөөдөр дэлхийд гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байгаа бөгөөд ийм төрлийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүд, охидын нэр алдрыг гутааж, тэдний үндсэн эрхийг нь зөрчиж байна гэж хурлын илтгэлд тэмдэглэв. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн элдэв хэлбэрийг зогсоох, хүйсийн тэгш байдлыг хангахад төрийн эрх зүйн зөв бодлого амин чухал үүрэгтэй болохыг төлөөлөгчид хэлсэн үгэндээ цохон тэмдэглэлээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, тэднийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах үйл явцыг гэр бүлээс эхлүүлэх нь зүйтэй, ер нь дорвитой өөрчлөлт хийхэд чухам юу саад болж байгааг олж тогтоох нь чухал гэдэг талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэв.
Ассамблейн үеэр ОУПХ-ны Удирдах зөвлөл, Ардчилал ба Хүний Эрхийн Байнгын хороо, Энх тайван ба аюулгүй байдлын Байнгын хороо, Парламентчдын Хүний эрхийн хороо, НҮБ-ын асуудлаарх Байнгын хороо, Тогтвортой хөгжил, санхүү болон худалдааны асуудлаарх Байнгын хорооны хуралдаан болж, ОУПХ-ны Удирдах зөвлөл тус холбооны Ерөнхийлөгчийг сонгов. Австрали, Бангладеш, Индонез, Мальдивийн нэр дэвшигчид өрсөлдөж, нийт 321 саналаас 167-г авч Бангладешийн парламентийн гишүүн нэр дэвшигч Сабер Чоудхури /Saber Chowdhury/ Олон улсын парламентийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдов.
Монголын парламентийн төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейд оролцох үеэрээ Австралийн Төлөөлөгчдийн танхимын спикер, Исландын парламентийн гишүүн, төлөөлөгчдийн тэргүүн, Мексикийн парламентийн төлөөлөгчидтэй тус тус уулзаж, хоёр талын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.