УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төслүүд өргөн барив
Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.10.16/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай, "Төсвийн тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, "Төсвийн тогтвортой байдлын тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, "Онцгой албан татварын тухай" хууль, "Ашигт малтмалын тухай" хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа.
Энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн ирэх оны төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдлээс буурахаар байгаа нь “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны Төсвийн төсөөллийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгож байна.
Түүнчлэн “Ашигт малтмалын тухай” хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг ам.доллараар тогтоосон. Улмаар ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг бол ам.долларын ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг төгрөгөөр тогтоох зорилгоор "Онцгой албан татварын тухай" хууль, "Ашигт малтмалын тухай" хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлсэн. Хэдийгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлгийн явцад буцаан татсан боловч онцгой албан татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ам.доллараар тогтоосон онцгой албан татварыг төгрөгөөр ногдууах хүсэлтийг удаа дараа ирүүлснийг харгалзан үзэж, хуулийн төслүүдийг дахин өргөн барьж байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг танилцуулав.