Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн зөвлөх Фридериеке Виттег хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн зөвлөх Фридериеке Виттег өнөөдөр /2014.10.16/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн зөвлөх Фридериеке Виттег уулзах хүсэлт гаргасанд талархаж буйгаа илэрхийлэв. Хууль зүйн салбарт Герман Улсын туршлагаас суралцах зүйл их бий. Хууль зүйн байнгын хороо хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж байна гээд өмнө нь батлагдаж байгаагүй “Хуулийн тухай” хуулийн төсөл боловсруулалтын шатанд байгааг онцлоод харилцан санал солилцов.
Хатагтай Фридериеке Витте хэлэхдээ, 2008 оноос хойш Монгол Улсын Хууль зүйн яаманд зөвлөгөө өгөх нэр хүндтэй ажлыг хийж байгаа бөгөөд Монгол Улсад 16 удаа ирж ажиллаж байна хэмээгээд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол бүхий олон хуулийн төсөл хэлэлцэж буй. Бид “Хуулийн тухай” хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Энэ хууль бол өргөн цар хүрээтэй хууль. Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй хуулийн төслүүд тодорхой шалгуурыг давсны дараа өргөн мэдүүлдэг болохыг зорьж байна гэв.Уулзалтанд Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн эдийн засгийн тогтвортой эрх зүйн орчинг баталгаажуулах төслийн удирдагч Л.Заяа, Хууль зүйн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Э.Түвшинжаргал болон албаны бусад хүмүүс байлцлаа.