JCI байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 10 сарын 15

Улсын Их Хурлын дарга З.Энхболд JCI байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч Шайн Баскаран болон JCI Монгол байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.10.15 / хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд JCI Монгол байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч С.Сайнбат Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд 2017 онд Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад УИХ-аас дэмжлэг авах хүсэлтэй байна гэлээ.
        Улсын Их Хурлын дарга тэдний ажилд амжилт хүсээд, 2017 онд зохион байгуулагдах бүсийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад төрийн байгууллага бүхий л талаар туслана гэдгийг дуулгалаа. Мөн тэрээр Улсын Их Хурлын гурван гишүүн дээрх байгууллагын сенатор. Тиймээс төрийн байгууллагаас дэмжих ажилд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна хэмээсэн. Түүнчлэн энэхүү арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахад анхаарлаа хандуулж, дэмжихийг JCI байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч Шайн Баскаранаас хүссэн юм.

Ноён Шайн Баскаран Улсын Их Хурлын даргад хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд, байгууллагынхаа талаар товч танилцуулсан. Шайн Баскаран нь 2013 оны Бразилын Рио Дэ Жанэро хотноо зохиогдсон JCI Байгууллагын Дэлхийн чуулганы үеэр 2014 оны Ерөнхийлөгчөөр Энэтхэг улсаас сонгогдсон юм. Тэрээр 1976 онд Энэтхэгийн Натика хотод төрсөн. Худалдаа, Зочид буудалын удирдлага болон хуулийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Hotel Dreamland, Dreams Color Lab, Golden Gate Tours and Travels компаниудийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байна.

JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийг сайн  дурын үндсэн дээр нэгтгэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. JCI байгууллага нь байгуулагдсан цагаасаа Бизнес, Хамтын ажиллагаа, Олон нийт, Хувь хүн гэсэн дөрвөн салбарт үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн бөгөөд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-ын үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож, 2011 оноос НҮБ-ын зөвлөх статустай байгууллага болжээ. Өнөөдөр JCI байгууллага дэлхийн 120 гаруй оронд 5000 орчим салбар байгууллагын 200.000 идэвхтэй, 1.000.000 гаруй дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн томоохон олон улсын байгууллага болсон байна. Энэхүү байгууллагын салбар болох JCI Монгол байгууллага нь Монгол улсад 1992 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа тууштай өрнvvлсээр, 1995 онд Английн Гласгоу хотод чуулсан JCI байгууллагын 51 дэхь удаагийн чуулганаар тус байгууллагын жинхэнэ гишүүнээр элсэн орсон юм. JCI Монгол байгууллага нь 12 салбар байгууллага, 600 гаруй гишүүд, 120 гаруй сенаторуудтайгаар дэлхийн хэмжээний үйл ажиллагаануудад оролцдог, манлайлагч залуучуудын байгууллага болж чадсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10154
0 эможи
keyboard_arrow_up