Засгийн газарт зөвшөөрөл олгохоор тогтлоо
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр /2014.10.14/ үдээс хойш хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай, “Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрийн төслүүд -ийг зөвшилцөх тухай” асуудлыг хэлэлцэв.
Энэхүү хэлэлцээрийн төсөлд Оросын талаас хувь нийлүүлэгчийг өөрчлөх, компаниудын үйл ажиллагааны үр дүнгээр хувьцаа эзэмшигчдэд хуваарилдаг ногдол ашгийг төвлөрүүлэх асуудлыг зохицуулахаар өөрчлөн найруулжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын олон улсын гэрээ болох “Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” (2003 оны 7 дугаар сарын 1), “Монгол, Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” (2007 оны 4 дүгээр сарын 25)-үүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж Оросын талаас ногдол ашгийг тус улсын Өмчийн харилцааны яаманд төвлөрүүлдэг байсныг Оросын Холбооны улсын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төлөөлөгчид шилжүүлж байхаар тусгасан юм байна.
Хэлэлцээрийн төслүүдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Ш.Түвдэндорж хуралдаанд оролцсон гишүүдэд танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс зарим асуултдаа хариулт авсаны дараа санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнээр Засгийн газарт хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулахыг зөвшөөрөхөөр тогтлоо.