М.БАТЧИМЭГ: Монголд бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны төв байгуулах боломжтой
УИХ-ын гишүүн М.Батчимэг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Үндэстэн дамнасан аюул заналын газрын захирал Алексей Лиженков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн М.Батчимэг өмнө нь энэ оны 2 дугаар сард Вена хотноо зохиогдсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хуралдаанд оролцох үеэрээ Алексей Лиженков болон тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер нартай уулзаж, Монгол-ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг тодорхой чиглэлүүдээр өргөжүүлэх, Монгол Улсад бүс нутгийн хамтын ажиллагааны төв байгуулах асуудлыг дэвшүүлэн санал солилцож байсан юм. А.Лиженков тэргүүтэй төлөөлөгчид энэ удаад Хууль сахиулах их сургуулийн урилгаар манай улсад айлчилж буй бөгөөд энэ удаагийн айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр тус сургуулийн үйл ажиллагааг сайшаагаад, Хууль сахиулахын их сургуульд тулгуурлан бүс нутгийн сургалт, судалгааны төв байгуулах, улмаар ЕАБХАБ-ын Европ болон Азийн түнш орнуудыг холбох гүүр болгон бэхжүүлэх өргөн боломж бий гэлээ.
УИХ-ын гишүүн М.Батчимэг А.Лиженковтой Улаанбаатар хотноо дахин уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд өмнөх уулзалтын үеэр яригдсан асуудлууд бодит ажил болох эхний алхамууд хийгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
А.Лиженков УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Вена хот дахь тус байгууллагын төвд хүрэлцэн ирж, аюулгүй байдал, хууль сахиулах салбарын шинэчлэлийн талаар илтгэл тавихыг урилаа. Түүнчлэн хоёр тал урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэх, дээр дурдсан асуудлуудаар тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллахыг дэмжсэнээр уулзалт өндөрлөв.