Лукашенко: Хэрэв Крымийг Орос авах ёстой юм бол Орос газар нутгаасаа Казахстан, Монголд өгөх ёстой
Белоруссийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Европт хил хязгаараа өргөжүүлж байгаагийн эсрэг эгдүүцлээ илэрхийлжээ. Түүний өгүүлснээр, хэрэв “түүхэн” баримтыг үндэслэн, ОХУ Крымийг авч байгаагаа зөвтгөж байгаа юм бол Орос өөрөө тодорхой хэмжээний газар нутгийг Казахстан болон Монголд тасалж өгөх ёстой гэжээ.
“Бид Украин улсын задралыг огтхон ч хүсэхгүй байна. Зарим хүмүүсийн ярьж буйгаар, Крым хэзээ нэгэн цагт “буруу замаар” Украинд очсон, уг нь эртнээсээ Оросын үндсэн газар нутаг гэлцэж байна. Энэ бол ташаа хандлага юм. Тэгвэл бүгдээрээ монгол-татарын буюу Бат хааны үеийг авч үзэцгээе. Тэгвэл Оросын болон Зүүн Европын бүхий л газар нутгийг Казахстан, Монгол, өөр хэнд ч юм, буцааж өгөх шаардлагатай болно. Тэгэхээр, заавал өнгөрсөнд байсан руугаа эргэж буцах ямар шаардлага байгаа юм бэ? Иймэрхүү маягаар хил хязгаараа тэлж болохгүй” хэмээн Лукашенко ярьсан байна.
Мөн “Донецкийн Бүгд Найрамдах Улс”, “Луганскийн Бүгд Найрамдах Улс” гэсэн ойлголтыг газар нутгийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэж Беларуссийн удирдагч мэдэгдсэн аж.