Сошиал ертөнцөд рейтингээрээ Х.Баттулга тэргүүлж, С.Ганбаатар удаалж байна
Судалгаа шинжилгээний “Эй Ай Си Эй” компани өнгөрсөн долоо хоногт “Өдрийн сонин”-д гурван нүүр дамнуулан томоохон хэмжээний судалгааны дүнг танилцуулсан билээ.
Тус компанийн судалгаанаас олон хүний сонирхлыг татсан нь мэдээж улстөрчдийн рейтинг байв. Улсын хэмжээнд рейтингээрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 41 хувьтай тэргүүлсэн харагдсан бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг 38 хувьтай удаалсан байлаа. Сонирхолтой л санагдсан. Хоёр алхаад л Засгийн газрыг муулсан муу хэлсэн хүнтэй таарч байгаа ч Ерөнхий сайдыг ингэж “сайхан” үнэлсэн нь алга ташмаар байлаа шүү. Улсын хэмжээнд ийм байдаг юм байж. Тэгвэл хотын хэмжээнд гэж сонирхвол Ерөнхийлөгч ахиад л 39 хувиар тэргүүлж. Ард нь Ардын баатар маань 36 хувиар удаалж. За тэгээд Ерөнхий сайд маань 35 хувьтай бас л давгүй яваа харагдана. Сонирхолтой нь энэ хоёр судалгаанд МАХН-ын лидерүүд болох Ч.Улаан, Д.Тэрбишдавга хоёр зуузай холбоод л долоо наймд яваад байх юм. Ардын намаас аль хэдийнэ улс төрөөс хөндийрснөө зарласан С.Баярын рейтинг ямар ч байсан эхний аравт багтаад л туугаад байгаа аж. Рейтингээрээ эхний аравт багтаад байгаа бусад улстөрч нь С.Ганбаатар, С.Оюун, Х.Баттулга, Х.Тэмүүжин нар байгаа аж.
Бие даагч хийгээд Иргэний Зориг Ногоон намын дарга хоёрын хувьд ололттой л рейтинг байлаа. Тэгэхээр энэ жагсаалтыг манай сайт өөрийн 46 мянга гаруй LIKE-тай фэйж хуудсандаа байршуулж мөн 100 орчим мянган хэрэглэгчтэй хуудсуудаар тарааж нэг өдөр санал асуулга өрнүүлэв. Монголчуудыг өргөнөөр нэгтгэж чаддаг сошиал ертөнцөд улстөрчдийн рейтинг ямар байгааг танадлаа. Судалгааны томоохон компанийн ажлын үр дүнгээр рейтинг нь тодорсон арвыг сошиал ертөнцийнхөн маань хэрхэн дэмжсэнийг сонирхуулья. Энэхүү мэдээллийг нийт 14 мянган хүн уншиж, 152 хүн санал бодлоо хуваалцжээ. Рейтингээрээ тэргүүлээд байгаа Ерөнхийлөгчид маань тэд 7 санал өгсөн бол Ерөнхий сайдад 4, Улсын баатар Э.Бат-Үүлд 4, Бие даагч С.Ганбаатарт 19, С.Оюунд 1, Х.Тэмүүжинд 1, харин зуузай холбоод байсан Ч.Улаан,Д.Тэрбишдагва хоёрт нэг ч санал өгсөнгүй. МАН-ын С.Баярт 5 санал өгсөн харагдав. Харин “Эй Ай Си Эй” компанийн рейтингээр 9 хавьцаа яваад байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулгад нийт 65 хүн санал өгчээ.
Тэгэхээр сошиал ертөнцөд УИХ-ын гишүүн Х.Баттулга рейтингээрээ 42 хувиар тэргүүлж байгаа нь илт тодорхой байна. Харин С.Ганбаатар гишүүн 12,5 хувиар удаалж. Тэгвэл компанийн судалгаагаар хоёр гуравт жагсаад байгаа Ерөнхий сайд, Улсын баатар хоёрт маань сошиал ертөнцийнхөн 2 хувийн л санал өгч. Ерөнхийлөгч 4,6 хувийн саналтай байгаа бол Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар 0 хувьтай л гарлаа. Гэхдээ энэ бол мэдээж сошиал ертөнцөд “ амьдарч байдаг” хэдэн мянган хүний үнэлгээ биш гэдгийг хэлэх хэрэгтэй.