Удирдагчийн ёс жудаг

2014 оны 4 сарын 01

Тусгаар тогт­нолоо баталгаа­жуулах, улс орноо хоёр хөрш, улмаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, нийгмийн амьдралыг засан тохинуулах, ард түмний аж байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн орчин үеийн аж ахуйн салбаруудыг  бий болгох хувьсгалч үйл явцын дунд туулсан Дашийн Дамбын амьдрал хөдөлмөрийн түүх намтар нь Монгол Улсын XX зууны ээдрээтэй элдэв нугачаатай түүхэн цаг үеийг гэрчилнэ. Тэрээр амьдрал цаг үеийнхээ шаардлагад нийцэн өөрчлөлт өөдлөлтийн замыг  туулахдаа төр, нийгмээс хүлээлгэсэн итгэлийг дааж, хошууны бичээч, сумын нарийн бичгийн даргаас Монгол Улсын Ардын Их Хурлын дарга хүртэл, намын жирийн гишүүнээс МАХН-ын Төв Хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллаж, улс ард түмний ашиг сонирхлын төлөө үнэнч сэтгэл бүтээлч хөдөлмөрөөр зүтгэсэн шударга удирдагч  байлаа.

Үндэсний ардчилсан хувьсгалаас хойш 1940 он хүртэлх хугацаанд хуучин нийгмийн тогтолцоог өөрчилж даван туулах, шинэ харилцааг бүрэлдүүлэн бэхжүүлэх талаар манай оронд дорвитой ахиц өөрчлөлт хийгдсэн юм. Энэ түүхэн цаг үед Д.Дамба улс төрийн тавцанд гарч, өндөр албан тушаал хашиж иржээ.

1939 оны долдугаар сард Д.Дамбыг МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгож, тэр өдрөө Намын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар батлагдсан байна. Энэ үеэс 20 жилийн турш МАХН-ын удирдах дээд албан тушаалыг хашиж, Монгол оронд шинэ цагийн аж үйлдвэрийг бий болгох, худалдаа, тээврийн шинэ салбарыг хөгжүүлэх, халдварт өвчинд баригдсан ард түмнээ эрүүлжүүлэх, сонгуулийн системийг шинэчлэх, халхын голын дайны үед ч цэрэг дайчдад иргэдээс бэлэг цуглуулах ажлыг зохион байгуулах, улсын үйлдвэр, аж ахуйн газруудыг дэлхийн дайны үеийн нөхцөлд зохицуулан удирдах, ард түмний бэлэглэлийн Төв Комиссын ажлыг идэвхижүүлж, Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг зохион байгуулах  үйлсэд авъяас чадвараа харуулж, жинтэй хувь нэмэр оруулсан  билээ.

Төр нийгмийн  зүтгэлтэн Д.Дамбын ид ажиллаж байсан түүхэн цаг үе бол Монгол Улсын түүхэнд ээдрээтэй атлаа эргэлтийн он жилүүд байсан юм. Монголын түүхийн энэ зурвас үе нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн гунигтай он жилүүд, дэлхийн хоёрдугаар дайны хүнд үе, хүйтэн дайн ноёрхсон бэрх хэцүү үе,  эх орныхоо тусгаар байдлыг бататгах хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл оргилсон цаг үе, нэг хүнийг дахин шүтэх үзэгдэл, түүний хор уршигтай тэмцсэн ярвигтай үе, нэгдэлжих хөдөлгөөн, нийгэмших үйл явц өрнөсөн жилүүд, монголын сэхээтнүүд улс орныхоо хөгжлийн асуудлаар өргөн шүүмжлэл өрнүүлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан цаг хугацаатай давхцдаг  юм.

Д.Дамба сорилт, бэрхшээл тулгарсан цаг үед өөрт ногдсон түүхэн амаргүй үүргээ нэр төртэй гүйцэтгэж, хувь хүний төрөлх ухаан, арвин туршлага, шантаршгүй хичээл зүтгэл, шудрага үйлсээр хүнд хүчрийг даван туулсан ноён нуруутай олон түмэнд ээлтэй ардын удирдагч байлаа. 

Д.Дамба 1951 онд болсон Улсын Их Хурлын анхны ардчилсан сонгуулиар депутатаар сонгогдож, улмаар УИХ-ын анхны даргын нэр хүндтэй сонгууль хүлээсэн үеэс нийгмийн амьдралын олон талыг хамарсан, өргөн цар хүрээтэй бие даасан улс төрийн бодлого явуулж, бас намын дотоод ардчиллыг өргөжүүлэх, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж эхэлсэн байдаг.

Тусгаар тогтнолын төлөө бүхий амьдралаа зориулсан монголын удирдагч Х.Чойбалсанг нас нөхчсөний хойно дараачийн удирдагчийг тодруулах таван сарын хугацааны турш маргалдсан улс төрийн товчооны хуралдааныг  удирдах үүрэг ч Д.Дамбад ногдож явсан билээ. Түүнээс намынх нь ерөнхий нарийн бичгийн дарга нь улс төрийн намын эрхэм дээд тушаалаа өгөхөөс буцахааргүй ааль авир гарган гуйж байж, удирдагчийн залгамжлагч болсон гэдэг. Тухайн цаг мөчид  түүний улс үндэстнийхээ эрх ашигт үнэнч чанар, хувь хүнийх нь төлөвшсөн найртай даруу зан, ард олны дунд нэр хүндтэй байдалаараа хамтран зүтгэгчид болон зөвлөлтийн нөхөдийн хүндэтгэлийг хүлээж, удирдагчийн албан тушаалд өрсөлдөх хүний нэгээр нэр нь дэвшиж байжээ.  ЗХУ-ын ардын комиссар нарын зөвлөлийн дарга асан, мөнөөх найрын ширээний хамсагч Вячеслав Молотов монголын удирдлагын  эрин цагийн халаа сэлгээний тухай гуч гаруй жилийн дараа дурсахдаа: “Чойбалсанг санаж байна. Бүдүүлэгдүү, гэхдээ ЗХУ-д үнэнч хүн. Түүний нас барсны хойно хэн нэгнийг томилох хэрэгтэй байлаа. Дамбыг санал болгоод байсан. Би энэ Дамбыг харсаан тэгээд Цэдэнбалыг томилохоор шийдсэн юм. Энэ хүн бидэнд сайн ханддаг...” гэжээ.

1954 онд Д.Дамба Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар   сонгогдож, улс    оронд    ардчиллыг   хөгжүүлэх,    нам,    төрийн    бодлого,    үйл ажиллагаанд бугшсан нэг хүний үзэл сургаал, ягшмал номлол, алдаа гажуудал, өрөөсгөл хандлагыг засч залруулах, нийгмийн шударга ёсыг тогтоон бэхжүүлэх, монголын нийгмийг өөрчлөн шинэчлэхэд чиглэгдсэн шинэлэг ажлуудыг санаачлан эхлүүлж, үр дүнтэй хэрэгжүүлж байсан түүхтэй.

Д.Дамба   Монгол руу хандсан хоёр хөрш их гүрний ашиг сонирхол, хүчний нөлөөний тэнцвэрийг барьж, адил тэгш авч үзэж, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэн, заяа төөргөөр хаяа нийлсэн ард түмнүүдийн хоорондын уламжлалт харилцаа, сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байжээ. Хятадад үл итгэх баримжааг сөрж БНХАУ-тай хэвийн найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэж, тэмүүлж байсан байдаг.

Д.Дамба нэг хүнийг тахин шүтэж байсны илрэл, түүний хор уршгийг арилгах, энэ явдлыг дахин давтан гаргахгүй байх баталгаа бий болгох тууштай арга  хэмжээ  авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж, улс төрийн хилс хэргийн учрыг нарийвчлан олж цагаатгах тухай асуудлаар санал оруулах, илтгэл бэлтгэж хэлэлцүүлсэн, нэгдэлжих, нийгэмчлэх хөдөлгөөнийг сайн дурын үндсэн дээр алгуур явуулахыг эрмэлзэж байсан, Монгол Зөвлөлтийн хилийн хэлэлцээрийн үед газар шорооныхоо сөөмийг ч  харамлаж, орос ах нартаа өхөөс цааргалж байсан зэргээр намын удирдлагын хүрээнд зөрчил гардаг байжээ. Дээр нь хэлмэгдүүлэлтэд гар дүрсэн хэрэг сөхөгдөх айдас тээсэн удирдагч нь сэтгэлийн дарамттай явах болжээ.

Гэнэт намын нэгдүгээр дарга нь улсын удирдагч байхаар социалист орнуудын жишиг тогтож, ерөнхий сайдын албан тушаал зэрэг зиндаагаар доошилж, эрх мэдэл алдрах түгшүүр нэмэгдсэн аж. Тэгээд дээд албан сэнтийг дахин гуйж авахад хүрчээ. Д.Дамба өөрийн албан тушаалаа даргадаа гуйсны нь дагуу өгч, намынхаа хоёрдугаар дарга болсон байдаг. Гэвч түүний нэр нөлөө орон нутгийн намын удирдлага, ард олны дунд ихээхэн байсан учраас тэдний үзэл бодлын уг зөрчил гагцхүү түүнийг намын удирдлагаас зайлуулж, нутаг заан суулгаж, үзэл бодол, хүсэл зоригийг нь шууд нухчин дарж  байж нэг тийш болсон гэдэг. Ингэж  төгсөхийг мэдэж байсан хирнээ өөрийн итгэл үнэмшил, төлөвшсөн үнэт зүйлээрээ дэнчин тавихыг хүсээгүй Д.Дамба “намын хоёрдугаар даргынхаа ажлаа орхиоч, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн орлогч даргын албан тушаал аваач” гэсэн аминчлан гуйсан даргынхаа саналыг энэ удаа ойшоож үзээгүй юм билээ.

Д.Дамба улс төрийн хилс хэрэг тулгаж, доромж гутаалтай бэрх эгзэгтэй үед ч,  намын удирдах ажлаас хөөгдөн нутаг заагдан хэлмэгдэж явахдаа ч хэзээ ч толгой гудайлгадаггүй, санаагаар унадаггүй, сэтгэлээр мохдоггүй байсан талаар хамт ажиллаж байсан эгэл хүмүүс ярьдаг юм. Түүнийг тэтгэвэрт гарахад нь улсаас ахмад настны жирийн тэтгэвэр тогтоож өгчээ. Олон жил улс төрд хамт зүтгэж явсан удирдагчаасаа улс төрийн ажилтны тусгай тэтгэвэр хүсэхэд нөгөөдэх нь удирдагчийн зиндааг удаа дараа гуйж хүртэж байснаа умартан жудаггүй ааш авир гаргажээ. Цаг хугацаа бүхний шалгавар хойно буруу санаа эзнээ ороосон, бүтэлгүй эд явуургүй, явцгүй болсон доо. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр Дамба өвгөний үйл хэргийг нь марталгүй санаж, хүнд өвчин зовлонтой цагт нь Ж.Батмөнх дарга дэмжсэн байдаг. Хэзээний дотно харьцаатай явсан Ж.Батмөнх дарга үзэл суртлын өөрчлөн байгууллалтын боломж гармагц улс үндэстэн, ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэж байсан түүнд улс төрийн ажилтны тусгай тэтгэвэр тогтоож ариун сэтгэлийн буян хайрласан юм.

Монголд элчин байсан Молотов бас дурсахдаа: “Дамбыг би сайн мэддэг байсан. Энэ хоцрогдсон хүн. Нэгэн цагт Нэгдүгээр нарийн бичгийн дарга байлаа. Цэдэнбалыг зайлуулсан. Цэдэнбалыг Сайд нарын зөвлөлийн дарга байх үед би ирсэн, Дамбыг нэгдүгээр нарийн бичгийн дарга болгосон байв. Харин тэр  зальтай хашир монгол, оросоор ярьдаггүй. Энэ чинь гэхэд удирдлагад тэнцэхгүйг гэрчилнэ, “Правда” сонин, “Коммунист” сэтгүүл унших ёстой. Цэдэнбал Эрхүүгийн санхүүгийн дээд сургуульд сурсан тэндээ орос бүсгүйтэй гэрлэсэн. Гэрт нь номын сантай. Балгах дуртай. Лаг шүү. Түүний энэ зуршил нь орхигдохгүй дээ” гэжээ. Үнэхээр маркс лениний номлолын ухааныг өчүүхэн ч эзэмшээгүйгээ, коммунист сурталд боловсроогүйгээ  Д.Дамба хүлээсэн байдаг.

МАХН-ын бүгд хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэхэд Ю.Цэдэнбал, Д.Дамба хоёрын нэг нь дарга болбоос өлзийтэй гэсэн яриа гардаг. Цэдэнбал нь онол, орос хэлдээ түлхүү. Дамба гуай амьдралын мэдлэг, хар ухаанаар илүү гэж үздэг байж. Энэ талаар Бямбын Ренчингээс асууж, таныхаар бол хэн нь намын дарга болбол дээр вэ? гэсэнд: “-Таван хошуу малын шүд мэддэгээрээ Дамба нь дээр биз дээ” гэжээ. Харийн соёлд цагаашираагүй, монгол ёс жаягаа мэддэг, зон олон нь тоодог, ардач сэтгэлгээтэй Д.Дамба нэр хүндтэй байсныг гэрчилнэ.

 Д.Дамба нь  ажил амьдралын арвин баялаг туршлага, ажил хэрэгч шинж, хүнлэг энэрэнгүй, эгэл даруу зан чанар, намбалаг сүрлэг төрх, аливаад хашир нухацтай хандах чадвар, улс төрийн буурь суурь, хэрсүү ухаалаг чанараараа тухайн нам төрийн удирдагч нараас гойд содон ялгарч байсан Монгол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
973
0 эможи
keyboard_arrow_up