Ерөнхий сайд “Засгийн газрын бүтцийг өнөөдрийн чуулганаар хэлэлцүүлэх” горимын санал оруулжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтад өөрчлөлт орох бололтой. Учир нь Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ “Төсвийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай асуудлыг өнөөдөртөө багтаан хэлэлцэж шийдвэрлэе” гэсэн горимын санал оруулсан гэнэ. Уг нь УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал багтсан байсан. Харин Ерөнхий сайдын хувьд Төсвийн тухай хуулийн төслийг хугацаанд нь амжиж өргөн бариагүйдээ бантсан уу, чуулган эхэлмэгц Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна хэмээн амласандаа хүрэхээр шийдсэн үү ямартай ч “самар цөмөх” мэтээр танхимынхнаа самруулахаас өмнө өөрөө санаачилгыг гартаа авахаар шийдсэн бололтой. Тиймээс ч Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас “авч хаяжээ”. Энэхүү Засгийн газрын гишүүн нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын тухай асуудал байв. УИХ-ын Дэгийн тухай хуулиар 14 хоногт багтаан хэлэлцэх асуудлыг 120 хоног өнгөрч байхад хэлэлцэхгүй байна хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлж “Асуудлыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх”-ийг хүссэн.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бүтцийг өөрчлөх таамаг зураглал олонтаа мэдээлэгдэж байсан. Эдгээр таамаглал нэгэн огтлолцол дээр таарч тохирч байсан ч “задалсан яамдаа нэгтгэх” асуудал байв. Тэгэхээр сайд нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг дуудаж ярилцсан Ерөнхий сайд дэд сайдуудгүй Засгийн газартай болох шинэ хувьсал хийх магадлал ортой байж болох юм. Нөгөөтэйгүүр , дараагийн Засгийн газрыг есөн яам, 10 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байх бүтцийг танилцуулсан нь одоо биелэлээ олох магадлалтай хэмээн эх сурвалжууд өгүүлж байна. Үүнд:
1.Гадаад харилцааны яам, 2.Сангийн яам (Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамыг нэгтгэж), 3.Хууль зүйн яам, 4.Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОНХЯ, ССАЖЯ-ыг нэгтгэж), 5.Батлан хамгаалахын яам, 6.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 7.Дэд бүтцийн яам (УУЯ, ЗТЯ, БХБЯ, ЭХЯ-ыг нэгтгэж), 8.Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, 9.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам (ХЯ, НХЯ, ЭМЯ-ыг нэгтгэж) гэсэн есөн яамны бүтцийг танилцуулсан гэдэг. Мөн Шадар сайдын албан тушаалыг (Д.Тэрбишдагва) байхгүй болгож, өмнө нь хэрэгжүүлж байсан үүрэгт ажлыг нь Засгийн газрын хэрэг, эрхлэх газарт хамааруулахаар тохиролцсон аж.
Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар АН-ын бүлгийн дарга өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдгийг Ерөнхий сайд олон нийтэд мэдээлчихсэн байгаа. Мэдээж засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд өөрөө мэддэг учраас энэ өөрчлөлтийг оруулж ирнэ. Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өргөн барьсны дараа бид намынхаа бүлгээр энэ асуудлыг авч хэлэлцэнэ.
Ерөнхий сайд УИХ-д өргөн бариагүй байхад бидэнд тодорхой мэдээлэл алга байна. Мэдээж Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг учраас бид өнөөдөр ямар байна вэ гэдэг асуулгыг өгөөгүй. Ер нь бол ойрын хугацаанд энэ долоо хоногоос юм уу, дараагийн долоо хоногоос УИХ-д бүтцийн асуудал зайлшгүй орж ирэх шаардлагатай гэж үзэж байгаа” гэсэн.
Түүнчлэн “Улс төр нь тогтвортой, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын шаардлагад нийцсэн ийм бүтцийг хүлээж авна гэсэн бодолтой байгаа. Хэрвээ үүнд нийцэх юм бол бүлэг дэмжээд явна, нийцэхгүй бол бүлэг өөрийнхөө байр суурийг илэрхийлээд явна” хэмээсэн.
Ямартай ч өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт орж Засгийн газрын шинэ бүтцийг өргөн барих нь гэсэн дуулиантай уур амьсгал Төрийн ордон, яамдад үүсээд байна.