Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын уулзвар

2014 оны 10 сарын 01

Улстөр хийгээд нийгмийн байдал ороо бусгаа, Засгийн газар дээсэн дөрөөн дээр байна. Ард түмний бухимдал ч дээд цэгтээ тулж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцрохыг ил далд шаардаж, тэр тусмаа эрх баригч намынхан дотооддоо дажинтай байгаа. Тиймээс АН-ын дотоод хагаралд гол нөлөөлөл үзүүлж буй Х.Баттулгын толгойлдог МоАХ-ны төлөөллийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуудаж уулзсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

 Албан бус эх сурвалжийн мэдээлснээр бол Ц.Элбэгдорж “женко” тэргүүтнүүдэд эв эеийг хичээж явахыг дуулгасан байна.

Зөвхөн ингээд ч зогсохгүй, засаг барих хүчинтэй хугацаа талаасаа өнгөрч байхад суудал булаалдаж, талцаад яахав. Н.Алтанхуягтайгаа дуусвал айсуй 2016 оны сонгуульд амжилт гаргаж мэднэ. Түүнээс наана нь засгийг хөдөлгөж хэн нэгэнтэй хамтарвал сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлнө хэмээжээ.

 Мөн эх сурвалжийн таамаглаж байгаагаар бол Ц.Элбэгдорж “женко”-д 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эртнээс бэлдэх сануулга ч өгсөн байхыг үгүйсгэхгүй гэв. Өөрөөр хэлбэл, намын дотоод дайн самуунаа зогсоохын тулд Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай яриа өдсөн бололтой юм.

Гэсэн хэдий ч Ерөнхий сайдын суудлаар дамжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох замаа засах хэтийн төлөвлөгөөтэй Х.Баттулгад Ц.Элбэгдоржийн энэ санал төдийлөн баяртай мэдээлэл байгаагүй бололтой. Яагаад гэхээр тэр Н.Алтанхуягийг ҮЗХ-г хуралдуулахыг шаардаж, улмаар намын нөлөө бүхий нөхөдтэй ойрын үед хамтдаа уулзахыг тулгасан байна.

Үүнээс харвал Х.Баттулга “Шинэ сум” төслөө хэрэгжүүлж, нийт монголчуудад өөрийнхөө замыг засах туйлын хүсэлтэй байгаа нь ойлгомжтой. Үүнийгээ эртнээс ил далд хэлээд эхэлсэн. Гэтэл зүгээр нэг сул гишүүн байснаар энэ ажил хэрэгжих боломжгүй юм. Тэр ч бүү хэл Засгийн газарт сайд байгаад ч энэ ажлыг нь урагш явуулж чадаагүй. Тэгэхээр тэр Засгийн газрыг тэргүүлж гэмээнэ ард түмний баатар болох учиртай. Ингээд хоёр жил орчимд Ерөнхий сайд байхдаа айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах ажиллагааг эрчимжүүлэх. Улмаар сүсэгтэн олноо “Их Майдар” төслийн ажлыг урагшлуулж, бүтээн байгуулах. Энэ бүгд нь түүний улстөрийн ойрын стратеги байв. Даанч төлөвлөгөө ёсоор явж өгөхгүй байгаад л бухимдаад байгаа хэрэг шүү дээ.

Энэ бүгдээс харвал ойрын үед АН-ын лидерүүдийн дунд томоохон уулзалт болох нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9517
0 эможи
keyboard_arrow_up