Д.Мөнхбаяр: Өнөөдөр Монголын газар шороо хүчиндүүлсэн янхан шиг болчихсон
Хятадуудтай явалдсан Монгол охидын үсийг хусаж, гадаад эзэнтэй ресторан, ази хоолны газруудаар рекэт үүсгэн мөнгө төгрөг нэхэж явахаас өөрөөр бүтээсэн гавъяагүй гэж нийгэмд шүүмжлэгдэн хэсэг сураг алдраад байсан үндэсний хөдөлгөөний залуус дахин сэргэж, хүчээ нэгтгэсэн. Эх оронч үзэлтэй залуусын тэмүүлэл “Хас” нэрийн дор нэгдэж “Монголын Үндэсний Хас нэгдэл”-ийг байгуулсан. Ингээд “Хас” нэгдэлийн тэргүүлэгчдийн нэг Д.Мөнхбаяртай ярилцлаа.
-Юуны өмнө яриагаа шинэ мэдээллээр эхлүүлэх үү? Үндэсний үзэлтэй залуус “Хас” нэрийн дор нэгдсэн гэсэн?
-Бид морин жилийн хийморь бэлэгдэж он гарахаас өмнө “Хас” нэрийн дор нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтад орсон. “Хамаг Монгол”, “Даяар Монгол”, “Хөх Монгол”, “Даяар хөх Монгол”, “Талын цөөвөр чоно”, “Цагаан хас”, “Бурхантын газар шороо” гээд тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан 15 гаруй хөдөлгөөний залуус зүрх зоригоороо нэгдсэн байгаа.
- Нэгдлийн хурал нууц байдалтай нам гүмхэн болсон гэсэн. Бас Хас нэгдэлд орох шалгуурыг өндөрсгөж, гишүүдийг хатуу андгай, тангарагтай болгох талаар ярьж байсан?
- Тийм л дээ. Угаасаа ч нэг хэсэг юу болов. Үндэсний хөдөлгөөнийх нэртэй баахан савхи өмсөж сүрийг үзүүлсэн гарууд бид нарын нэрийг барьж энд тэнд их явсан. Бүгд л мэдэж байгаа. Тэрнээс болж нийгэмд биднийг үзэх үзэл өөрчлөгдөж нэг ёсондоо муу нэртэй болчихсон. Гэтэл үнэхээр эх орныхоо төлөө, газар шороо, ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө чинь зүрхнээсээ санаа зовж байгаа үндэсний үзэлтэй залуус зөндөө байна. Тэдний зорилго, хүсэл тэмүүлэл нэр барьж мөнгө сааж явдаг нөхдүүдээс шал өөр шүү дээ.
- Тэгвэл шинээр нэгдсэн залуус юу хийх вэ?
- Хийхээр төлөвлөж байгаа ажлууд, санаанд багтсан зөндөө л асуудлууд байна. Уултай, устай, ургамал ногоотой энэ сайхан газар нутагтаа өдрөөс өдөрт өрийн дарамтанд унаж амьдрах биш “амь зууж” яваадаа бухимдсан нийгмийг хараад зүгээр суух биш нэг ч гэсэн асуудалд гар бие оролцож гарцыг нь хамтдаа хайя гэж төсөөлж байгаа ажлууд их л байна.
Одоогоор ойрын хугацаанд амжуулах ажил гэвэл бид удахгүй хөдөө уурхайдаар явах гэж байна. Нөхөн сэргээлт хийгдэх ёстой газруудаар явж нөхөн сэргээлтийн ажлыг хариуцсан газрууд, компаниудтай уулзана. Бид өөрсдөө ч гэсэн мод тарьж байгаль орчноо аврах хөдөлгөөнийг зохион байгуулалцана. Үүнээс гадна хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэх аюулд орсон бохирдсон гол горхийг цэвэрлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа. Гол горхи цэвэрлэх ажилд бид Солонгос улсаас туршлага судалж хийхээр төлөвлөж байгаа.
-Та бүгдийн үйл хэрэг үнэхээр өргөжсөн юм шиг мэдрэгдэж байна. Гэтэл санхүүжилт, энд тэнд сайн үйлсийн баатар болж явах хөрөнгө мөнгөө хаанаас авдаг юм бэ? Яагаад мөнгө асуусан гэхлээр та бүхнийг хэн нэгний гар хөл гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг?
-Үнэндээ наашаа харж инээгээд цаашаа харж ярвайх улстөрийн бялуурлаас залхаж байна. Улстөр, нам засаглал, сонгууль гээд бүгд зүгээр л бялуурал. Өнөөдөр бурхан гуйсан ч бүү өг гэсэн нөгөө сайхан онгон дагшин байгаль, өвс ногоо, ан араатан гээд хаа байна. Монголын газар шороо гэж хүчиндүүлсэн янхан шиг болчихсон. Үнэхээр улс орны хөгжил зайлшгүй уул уурхай юм бол баялагаа ашиглалгүй л яахав. Гэхдээ хамгийн аймаар нь бүгдийг цөлмөж байгаад дараа нь элгээр нь хэвтэхэд бидэнд хамаагүй гэсэн бодлоор яваад байгаа байхгүй юу.
Хүнд хамаг хоолоо өгчихөөд өөрсдөө аягаа долоож үр хүүхэддээ юу ч үгүй царай алдаж суух арчаагүй, аминчхан улс төрийн бялуурал хэнд хэрэгтэй гэж. Бидний дунд мэдлэг боловсролтой, хувийн бизнес эрхэлдэг, компанитай, өөрсдийн гэсэн ажил орлоготой, төрийн албан хаагч хүн хүртэл байна.
-Үндэсний үзэл, хэт үндсэрхэг байдал нэг талаараа даяаршлагдаж байгаа нийгэмд орчин үеийн хүүхэд залуучуудад хөгжлөөс хойш татсан буруу үлгэр дуурайл гэж шүүмжилдэг? Энэ талаар?
-Бидний зорилго бол Орос дотроо байлдана уу, Хятадууд дотроо нэгнийгээ цаазалж хаяна уу ерөөсөө хамаа байхгүй. Гол нь Монгол хүн эх орондоо, газар шороондоо эзэн хүн шиг амар тайван амьдрах. Тэрнээс бидний хөгжлийг хэн хэгэн хазгай хэлтэй баагий заагаад, бид ч хамраа дөрлүүлсэн үхэр шиг хэн нэгний заавраар яваад, боол шиг амьдармааргүй байгаа байхгүй юу. Энийг л үндэсний үндэсний үзэл гээд байгаа юм. Тэрнээс бид хэт үндсэрхэг үзэл, янз бүрийн шеванист, милитарист үзэл ч гэдэг юмуу, янз бүрийн жигшмээр муухай урсгалууд байдаг. Харин бид залуучуудад тийм үлгэр дууриал үзүүлэхийг зорьдоггүй. Бид нарын тавьж байгаа гол зорилго өвөг дээдсээс уламжилсэн сайхан түүх соёл, яруу тунгалаг хэл бичиг, газар нутаг, малтайгаа, хүнтэйгээ, газар шороо нь бүрэн бүтнээрээ ухаж сэндийчээгүй, урсдаг гол устайгаа, ургамал байгаль, агаар, шувуу, өт хорхой гээд бүх юмтайгаа хавар нь шуурдаг шороотой гээд Монгол гэдэг эх орныг нүдэнд төсөөлүүлдэг тэр бүх цогц зүйлтэйгээ жирийн сайхан зохицож явмаар л байгаа байхгүй юу. Хүнээ дээдэлсэн, хуулиа дээдэлсэн улс шиг орондоо эзэн шиг нь зүгээр энгийн сайхан амьдармаар байна. Тэр бүгдийн төлөө бидний зүрх нэгдсэн. Өөр зүйл байхгүй.