Л.Доржбат : Хур хогийг цэвэрлэж, жалга байсан газрыг тэгшилж цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2014 оны 9 сарын 22

ХУД-ийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбаттай ХУД-т хийгдэж буй дэд бүтэц, тохижилтын ажлын талаар ярилцлаа.
ХУД 2014 онд хийгдэж буй дэд бүтэц, төлөвлөлтийн талаар хийж буй ажил талаар танилцуулж яриагаа эхлүүлбэл?  

Бид энэ онд дүүрэгтээ хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар товч мэдээлэл хүргэе.

 

Ер нь өнгөрсөн 2013 онд манай дүүрэг 170 орчим тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт авч чадсанаараа нийслэлдээ тэргүүлж ажилласныг дурьдах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын ажлууд нь улс, нийслэл, дүүргийн гэсэн 3 төрлийн хөрөнгө оруулалтаар санхүүждэг. Энэ жил дүүргийн хувьд томоохон бүтээн байгуулалт, зам засварт ихээхэн ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Шувуун фабрик-Биокомбинатын 22,5 км зам, Яармагийн 13,5 км зам, Богд-Уулын арын зам, Сонсголонгийн зам зэрэг томоохон замууд тавигдаж ажил дуусах шатандаа явж байна. Гудамж төслөөр дүүргийн арын Атар өргөөгийн уулзвараас АПУ-ын уулзвар хүртэл 500м замыг 7 сарын 25-аас 8 сарын 21-ны хооронд богино хугацаанд ашиглалтанд оруулсан. Мөн 120 мянгатын явган хүний гүүрэн гарц, Яармагийн түр гүүрийг ашиглалтанд орууллаа.  Концессын төрөл зүйлээр манай дүүрэгт Өлзийт буюу 14 дүгээр хороог Шувуун фабрик буюу 13-р хороотой холбосон 9,8 км замын ажил 70 хувьтай явж байна. Концессын гэрээ гэдэг нь хувийн хэвшлийнхэн мөнгөө гаргаад гүйцэтгэлийн дараагаар улсаас мөнгөө авдаг хөрөнгө оруулалтын хэлбэр. Концессоор бид яармагийн Түргэн тусламжийн 103 салбар функт төв, Эрчимийн 21 айлын байрны дахин барилгажуулалт, Био комбинатад Ахмадын сувилалын байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд нилээн хурдтай барилгажиж байна. 
Дүүргийн хэмжээнд энэ жил хичнээн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад орох вэ? Ашиглалтад орсон сургууль цэцэрлэг хэд байна вэ?
Манай дүүрэгт  энэ жил 300 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор дүүргийн 10, 14,15 дугаар хороонд баригдах ажил гэрээ байгуулах, сонгон шалгаруулах явц дээр явж байна. Зайсангийн 32-р сургууль өнгөрсөн оноос үйл ажиллагаа нь хаагдсан ч улсын концессын жагсаалтанд ороод гүйцэтгэгчидтэйгээ гэрээ байгуулах шатанд явж байгаа бөгөөд 640 хүүхдийн шинэ сургууль баригдах юм. Мөн 10 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар баригдаж энэ оны 11 сард ашиглалтанд өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.  8-р хороонд 250 хүүхдийн ортой нийслэлийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн ажил 80 хувьтай явж байна мөн 11 сард ашиглалтанд өгнө. 13-р хороонд 100 ортой хүүхдийн цэцэрлэг улсын төсвийн хөрөнгөөр гэрээ байгуулах шатандаа явж байна. Ирэх онд нилээдгүй сургууль цэцэрлэг барихаар төлөвлөөд байна. 
2014 онд дүүрэгт хийгдэж буй тохижилтын ажил одоогоор хэдэн хувьтай байна вэ? Хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн бэ? 
Энэ жил Яармагийн 4,5,6,7,8 хороонд, Нисэхийн 16-р хорооны гэр хорооллын суурьшлын бүсийг бүтэн гэрэлтүүлэгтэй болгоход 3,3 тэрбум төсөвлөгдсөн угсралтын  ажлын явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай явж байна. 10 дугаар сарын 15 гэхэд 100 хувь хүлээлгэн өгөх юм. Дүүргийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар хороонд хур хог хаядаг цэг үүссэн байсныг цэвэрлэж жалга бүхий газрыг тэгшилж улмаар 650 гаруй сая төгрөгийн төсөвөөр томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхэлж 2015 онд бүрэн ашиглалтанд орно. Мөн 1 дүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын хойно 1,4 тэрбум өртөгтэй “Шинэ Хан-уул” нэртэй цэцэрлэгт хүрээлэн баригдаж байна. 2014 онд Нисэхийн 7-р хороо Буянт Ухаа цогцолборын хашаанд хөлбөмбөгийн талбай бүхий спортын иж бүрэн талбайг тохижуулахаар ажиллаж байна. Нийт 460 сая  хөрөнгө оруулалт хийгдэнэ. Уг талбайд хөлбөмбөг, газрын теннис, волейбол, гүйлтийн замтай, чийрэгжүүлэлтийн хэсэгтэй, ногоон байгууламж бүхий талбай болно. Энэ нь нисэх орчим Буянт Ухаа хороололд иргэд ихээр суурьшсантай холбогдуулан иргэдийн эрүүл ая тухтай байлгах үүднээс хийгдэж буй ажил юм. 
ХУД-т орон нутгийн хөгжлийн сангийн хувиарлалт түүний зарцуулалт ямар байна вэ?
Орон нутгийн хөгжлийн сангаас энэ жил манай дүүрэгт 2,6 тэрбум төгрөг хувиарлагдсан байгаа. 2,6 тэрбумаас төсвийн хүндрэлээр 651 сая төгрөг тасарсаны улмаас 1,9 тэрбумыг зарцуулагдахаар болсон. Үүнээс 770 сая нь цэцэрлэгийн санхүүжилтанд, 170 сая нь нийт 16 хороодыг шинээр иргэний танхимтай болгох ажилд зарцуулагдаж байна. Үлдсэн 1  тэрбум орчим төгрөгийг 16 хороодод хувааж, нийт 28 ширхэг төсөл, арга хэмжээнд зарцуулж байгаа. Үүгээр тухайн хорооны иргэдийн саналаар нийтийн эзэмшлийн зам талбай тохижуулах, худаг ус засварлах, жишиг гудамж бий болгох, тоглоомын талбай байгуулах, гүүр зам гаргах, орц хаалгаа засах гээд олон бичил төслийг хэрэгжүүлж байна. Бид мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар 1,2,3,10 дугаар хорооны нийт 12 байрны дээврийг заслаа.  Мөн 8-р хороонд 109,1 сая төгрөгөөр гэрэлтүүлгийн ажил хийгдэж дууссан байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн ажлын саналыг дүүргийн 34000 орчим өрхөд жилд нэг удаа саналын хуудас тараан авч, тухайн саналуудыг хорооны ИНХурлаар эрэмбэлж хэрэгжүүлдэг нь олон нийтийн оролцоог шууд хангадаг. Манай дүүргийн хувьд орон нутгийн хөгжлийн сангаар 20 хүртэл сая төгрөгийн ажлыг Иргэдийн бүлгээр гүйцэтгүүлдэгээрээ улс, нийслэлд анхдагч болж явдаг. Одоогоор 50 гаруй Иргэдийн бүлэг дүүрэгт бүртгэлтэй байна. 
Мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье! 
Бид цаашид хийж буй ажлынхаа талаар тогтмол олон нийтэд мэдээллэж байх болно. Баярлалаа. 
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9077
0 эможи
keyboard_arrow_up