“Назарбаевын төлөө”
Хэдхэн жилийн өмнө ядуу, буурай орны тоонд багтаж явсан Казакстан улс хөгжлөөрөө биднийг хол хаяжээ. Зам гүүр, харилцаа холбоо, амьжиргааны төвшин гээд эдийн засгийн бүх үзүүлэлтүүдээрээ Казакстан Монголын өмнө "гишгэж" байна. Тэд 2050 оноор товлосон хөгжлийнхөө урт хугацааны стратегийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж байгаа нь нүдэн дээр ил харагдах. Бахархам бас атаархмаар Астана цэцэглэн хөгжиж, алс баруун хязгаар дахь Алма-Ата эдийн засгийн бүс нутаг болон томорч байна.
Нурсалтан Назарбаев. Дэлхийн нэг дарангуйлагчийн төлөө хаа байсан баруун хязгаарт очиж хундага тулгана чинээ санасангүй. Коммунист угшилтай дарангуйлагчаар удирдуулсан Казакстаны иргэн болж төрөөгүйгээ аз хэмээн боддог байв. Намын тэргүүн, үндэстний удирдагчаас хүн бүхэн байдаг байхдаа хэмээн бодож байсан минь эндүүрэл байж. Нурсалтан Назарбаеваас ойр дотныхон болоод хамтрагчид нь уу айдаг уу гэхээс ард түмэн нь бол үг хэлэх бүртээ л Назарбаевыг магтан дуулж байна.
Бага гарын бизнесмен гэгдэх 10 автобустай, таван машинтай залуухан бизнесменээс “Назарбаеваас айдаг уу” хэмээн асуухад толгой сэгсэрч, эрхий хуруугаа гозойлгон “ тэр бол үндэсний бахархал” хэмээн хариулсан.
Казахстан бол 2.6 сая хавтгай дөрвөлжин км нутагтай, 16.6 сая хүн амтай орон. ЗХУ-ын бүрэлдэхүүнээс хамгийн сүүлд буюу 1991 оны арванхоёрдугаар сард гарч, тусгаар тогтнолоо зарласан орон атал Казакстан маш хурдцацтай хөгжиж байна. Газрын доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, улс нь ч, удирдагч нь ч хоёулаа баяжиж байна.
Улс орных нь эдийн засаг сайжрахын хэрээр хүмүүсийн амьжиргааны төвшин болоод амьдрал сайхан байгаа нь илт. Ядахнаа л ард түмэн нь толгой дээгүүр ихэмсэг бардам алхлах. Нурсалтан Назарбаевийн хувьд улс орон, ард түмнээ ч хөгжүүлж байгаад иргэд нь дарангуйлагч гэхээсээ удирдагч хэмээн хүндэлдэг бололтой юм. Манайхан шиг дээдчүүл нь иргэдээсээ тасарч, иргэд нь ядуу, дорой хэвээр байгаа бол “Назарбаевын төлөө” хэмээн ард түмэн нь үнсэх нь холгүй магтаж суухгүй байсан нь лавтай.
Казакстан бол байгалийн баялгийн нөөцөөр арвин, ялангуяа нефть, ураны олборлолтоороо дэлхийд дээгүүрт бичигдэж, тэр хэрээрээ ч эдийн засаг нь улам бүр томорч байгааг хэл халтирам нэртэй хөтөч маань сонирхуулсан. Үхэн үхтлээ Казакстаныг удирдах нь хэмээн хардуулж, шүүмжлүүлж байгаа үндэсний удирдагчид ихээхэн том амбиц байна. Тэр нь ураны үйлдвэрлэлийг хөгжүүлж, 2015 он гэхэд Атомын цахилгаан станцтай болох. Хөрөнгө оруулагчдыг урин залж, тэдэнтэй нэг хэлээр ярьж чадаж байгаа нь Казакстаны хөгжлийн нэг түлхүүр болжээ. Хөрөнгө оруулагчдад талтай, хөл алдаж гүйгээд байхгүй ч гэлээ хөөж туугаад байдаггүй нь бага гарын бизнесмен гэгдэх нөхрийн ярианаас ойлгогдсон. “Эх орон, газар шороо уул ус” гээд сөрөг хүчнийхний зүгээс Назарбаевын эсрэг ямар нэгэн хөдөлгөөн өрүүлдэг үү хэмээн хэрэгт дурлавал бас л толгой сэгсрэх. “Бид зүгээр л ажлаа хийж мөнгө олох хүсэлтэй” хэмээн ярьж байгаа бизнесмений үг монголчууд бид хэтэрхий их улстөрждөг болохоороо хөгждөггүй, баяждаггүй юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн юм. Мэдээж, энэ бол зөвхөн миний хувийн бодол.
Ноён Назарбаев бурханаас хуваарилсан байгалийн хишгээ зөв оновчтойгоор зарцуулж, улс орноо гайхмаар хурдан хөгжүүлж байгааг Алма-Атагаас, дэлхийн хамгийн залуу хот болох Астанагаас харж болно. Казакстан бол дэлхийн нефть олборлогч 10 том улсын нэгд багтдаг. Ураны олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт ордог. Дэлхийн ураны 30 хувийг нийлүүлдэг тус улс АЦС-ыг хөгжлийн түлхүүр хэмээн харж байна. Өөрөөр хэлбэл, хямд эрчим хүч бол хөгжлийн гол хөтөч гэдгийг тэд биднээс түрүүлээд харчихаж. Тус улсын газрын тосны батлагдсан нөөц нь дөрвөн тэрбум. Мөн багагүй хэмжээний байгалийн хийн нөөц байна. Ирэх жил буюу 2015 он гэхэд хоногт гурван сая баррель нефть олборлох том зорилго урдаа тавьжээ. Ингэснээр тус улсын хөгжил дахиад хэдэн ч жилээр наашилна гэсэн тооцоо байгаа гэнэ. Бас л бахармаар амжилт шүү.
Жилдээ дөрвөн тонн уран олборлож, экспортод гаргадаг Казакстаны ард түмэн цөмийн хор аюулаас огтхон ч айх юм алга. Уранаа олборлоно, цаашлаад түлш үйлдвэрлэнэ, АЦС-аар эрчим хүчнийхээ 30 хувийг эхний удаад хангана гэсэн том зорилго ярих. Ер нь хөгжлөөрөө дундад азидаа цойлоод өгнөө л гэсэн хүмүүс байна. Мөн очир эрдэнэ буюу алмазын экспортоосоо чамгүй ашиг олдог бөгөөд байгалийн баялаг хэмээн тэнцүүхэн хуваан бэлэн мөнгө болгоод тараагаагүй ч казакуудын амьдрал илэрхий дээшилжээ.
Хөдөө аж ахуй бол тус улсын эдийн засгийн нэг чухал салбар. ДНБ-ий арван хувийг хангадаг тус салбарыг хөгжүүлэхийн тулд тооны хойноос биш чанарт анхаарлаа хандуулж байгаагаа Казакстаны Сузуки дүүргийн аким тодотгосон. Ерөнхийдөө малынхаа үйлдвэр угсааг сайжруулж, экспортод гаргахаас илүү дотоодынхоо хэрэгцээнд зориулсан чанартай үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж байгаа юм байна. Манайхтай адилхан малын вакцинжуулалтыг нь төр нь үнэгүй хийдэг ч харин малаасаа тодорхой хэмжээний татвар авдаг аж.
Ерөнхийлөгчийн засаглалтай энэ оронд дарангуйлалд өртөж байна хэмээн олон улсын шүүмжлэлд өртөж байгаа ч ороод гарах төдий л өөдлөх айлын өнгө төрх өөрөөр гэрэлтэж байна. Дундад Азийн эдийн засгийн гол бүс болохоор улсаа хөгжүүлж байгаа Назарбаеваар ард түмэн нь бахархаж байна. Байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулж байгаа энэ орны хөгжил улам бүр урагшилсаар л. Харин Монгол хаана явна?.
Ж.НЯМСҮРЭН