Дарга нарын бизнесийг шалгаж болохгүй юу
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөөс хувьдаа завшсан эсэхийг нь АТГ-аас шалгаж эхэлмэгц элдэв дарамт шахалт учирч хэргийг шалгах явцад нөлөөлөх гэж оролдсон. Тиймээс тусгаарлан шалгахаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд баривчлан хорих болсон. Баривчлан хорьсны дараахан Ерөнхий сайд яаралтай мэдэгдэл гаргаж “Гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно” хэмээн “цээжээрээ хамгаалсан”. Үүний цаад учир нь уг хэрэгт Ерөнхий сайдын төрсөн охин А.Саранзаяа холбоотой байсанд оршиж байсан нь хожим тодорхой болсныг АТГ-ын мэдэгдэл ч харуулдаг. Ерөнхий сайд АТГ-т зөвлөхөө эргэх гэж гаргасан хүсэлтдээ “нэн даруй уулзах хүсэлтэй байгаа тул 2014 оны долдугаар сарын 31-ний 09.00-11.00 цагийн хооронд уулзалтыг зохион байгуулах”-ыг мэдэгдсэн. АТГ-ын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргал “Би таны хүсэлтийг хүлээн авах нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсч, хууль зөрчиж байгаа тул таны хүсэлтийг хангах боломжгүй” хэмээн хариу мэдэгдсэн. Гэвч Ерөнхий сайд АТГ-ын энэ хариуг үл тоомсорлон Хууль зүйн сайдын хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд саатуулагдаж буй ахлах зөвлөхөө эргэснээр нотлогдсон. Цааш үзэх