В.В.Путин: шинээр төмөр зам тавих талаар хамтын ажиллагаа зохион байгуулах тухай бодолцож болно
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлэхдээ, “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт зохион байгуулсанд маш их баярлалаа.
Бидний уулзалт амжилттай болж байна. Монгол Улсад миний хийсэн айлчлал Халхын голын байлдаанд ялалт байгуулсны 75 жилийн ойтой холбоотой байсан. ЗХУ, Монгол Улс, БНХАУ нь Германы фашизм болон Японы милитаризмын цохилтыг өөрсдөдөө хүлээсэн үйл явдал 75 жилийн өмнөх ч гэсэн бид сайн санадаг. Дэлхийн II дайны үед Монгол Улс бидэнд маш их тусалсныг бид хэзээ ч мартахгүй. Ирэх жил бид Эх орны их дайнд ялсны 70 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ ойд ажил нэгтэй хоёр нөхрөө урьсан байгаа. Урилгыг хүлээн авсанд баяртай байна.
Монгол Улс, ОХУ, БНХАУ нь газар зүйн хувьд хил залгаа оршдог. Дэд бүтэц,эрчим хүч, уул уурхайн хамтын ажиллагааг хөгжүүлж, энэ талаар байнгын нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж олдож байна.
Мөн гурван талын уулзалт хийх бололцоог олгож өгсөн Тажикистаны талд талархаж байгаагаа илэрхийлье.
Эхлээд олон улсын байдлын талаар хэдэн үг хэлье. Бид бүгдээрээ Төв болон Зүүн хойд Азид тогтвортой байдал бэхжүүлэхийн төлөө тэмцэж байгаа билээ. Бид гурван талын уулзалтын хэлбэрийг бодолцох нь зүйтэй байх. Мөн ноён дарга Си Зиньпин зарим хэлбэрийг хэллээ.Түүний дотор ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж болох юм. Энэ уулзалт гишүүн орнуудын нийслэл хотуудад тогтмол болдог. Дараагийн уулзалт ОХУ-ын Уфа хотноо ирэх оны долдугаар сард болох үеэр гурван талт уулзалтыг хийж болох юм.
Гадаад хэргийн дэд сайд нарын хэмжээнд уулзалт хийж байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал боломжийн гэж бодож байна. Ийм санаачлагыг хэрэгжүүлэх нь бас гурван талт уулзалтын хэмжээг өсгөж байгаа. Эдгээр асуудлыг Гадаад хэргийн яамдын хүрээнд боловсруулах хэрэгтэй байх. Мөн бидний хэтийн төлөвтэй хамтын ажиллагааны тухайд гэвэл УБТЗ болон түүний Орос, Хятадын нутагт байгаа хэсгүүдийн үндсэн дээр шинээр төмөр зам тавих талаар хамтын ажиллагаа зохион байгуулах талаар бодолцож болно. Бид бас Торгон замын төслийн тухай сайн мэдэж байгаа. Түүнийг Оросын бусад төсөлтэй уялдуулж бодож болох юм. Мөн Талын зам гэсэн төсөл байна.
Цахилгаан эрчим хүч дамжуулах шугамыг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж төлөвлөж болох юм. Үүнийг Хятад, Монголын тал сонирхож байгаа бол хийж болно.Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, эрүүлийг хамгаалах, хөдөө аж ахуй болон байгаль орчны зэрэг чиглэлд хамтран ажиллах төслийг боловсруулж болох юм. Манай зохих яам, албад эдгээр асуудлыг нарийвчлан боловсруулахыг санал болгож байна. Эдийн засгийн үр ашгийг бодолцож шийдвэр гаргаж болох юм.
Бидний гурван талын уулзалт ШХАБ-ын уулзалтын үеэр болж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй юм. Манай Монголын анд нөхөд зохих шийдвэр гаргаж Монгол Улсыг ШХАБ-ын бүрэн хэмжээний гишүүн болгох асуудалд гишүүн орнууд бүгдээрээ бэлэн гэж бодож байна. Баярлалаа” гэлээ.