Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг дурсана

2014 оны 9 сарын 10

Зургаан мянга орчим хүнтэй холбоотой хэрэг материалыг нягтлан шалгаж тэдгээрийг цагаатгах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэснээр цагаатгалын ажилд цэг тавих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Гэхдээ улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгаж дуусгахаас гадна иргэдийг улс төрийн үзэл бодлоор нь элдвээр хэлмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх,

 

түүнийг дахин давтаж гаргахгүй байх  орчин бүрдүүлэх нь нэн чухал байна гэдгээ Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Логийн Цог мэдэгдлээ.

Тэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдээд, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн зарим заалтын үйлчлэлийн хугацааг сунгах, хэлмэгдэгчдийн нийгмийн асуудалд анхаарах энэ хүрээнд нөхөх олговрын хэмжээг нэмэгдүүлэх саналын төслөө Улсын Их Хуралд өргөн бариад байгаагаа онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлаас 1998 онд баталсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгчид, тэдний төрөл төрөгсөд болох 18036 хүнд 16 тэрбум 247,4 сая төгрөгийн нөхөх олговрыг төрөөс олгоод байна. Энэ оны эхний 8 сард 34 иргэн 33 сая төгрөгийн нөхөх олговрыг авчээ.

19 дэх удаагаа тэмдэглэж буй Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын өдөр буюу энэ сарын 10-нд хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний дотор Монгол Улсын төр, засгийн тэргүүн нар, төр захиргаа, олон нийтийн байгууллагууд, хэлмэгдэгчид тэдний төрөл төрөгсөд Хэлмэгдэгчдийн төв хөшөө болон Сонгинохайрхан уулын бэл дэх хэлмэгдэгчдийн хөшөөнд тус тус цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх, “1932 оны бослого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийх, сүм хийдэд буяны ном хуруулах, хэлмэгдэгсэдтэй уулзалт хийх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар хичээл заах зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8437
0 эможи
keyboard_arrow_up