Д.БАТБИЛЭГ:Хан-Уул дүүрэгт төрийн бодлого бодитой хэрэгжиж байна
Хан-Уул дүүргийн цаг үеийн болон хэрэгжиж буй ажлуудын талаар ИТХ-ын дарга Д.Батбилэгтэй ярилцлаа. Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ХУД нь “Шууд ардчилал - Иргэний оролцоо”-г хамгийн сайн дэмжиж ажилладаг дүүрэг болж чадсан. Уг хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна гэж та үзэж байна вэ?
2013 оныг “Шууд ардчилал - Иргэний оролцоо”-г дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Төлөөллийн ардчиллыг Шууд ардчиллын үзэл баримтлалтай хослуулан хөгжүүлэх эхлэлийг ХУД-т анхлан нэвтрүүлсэн. Улмаар 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Монгол улсын Төсвийн тухай хуулинд иргэдийн оролцооны талаар бие даасан зүйл оруулсан бодлого нь цоо шинэ алхам болж чадсан. Орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх боломжтой болсон нь шууд ардчиллын гол хөшүүрэг болсон гэж хэлж болно. Энэ үүднээс ХУД-ийн ИТХ-ын 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 2 дугаар хуралдаанаар 2013 оны дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилтыг тодорхойлон баталж, хороодод төсвийг хуваарилсан нь Монгол улсын түүхэнд анх удаа тохиож буй явдал болсон. Мөн 2014 оны төсвийг батлахдаа ч Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хороо бүртээ хуваарилсан байгаа. Энэ утгаараа ХУД нь Иргэний оролцооны жишиг дүүрэг болж чадсан юм. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI дугаар хуралдааны дугаар 03 тоот тогтоолоор хороо бүрт Иргэний танхим байгуулж ажиллах хүний нөөцийн асуудал, техник тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, засвар үйлчилгээнд зориулж 2014 оны төсөвт 224,000,000 төгрөгийн төсвийг зарцуулахаар бэлтгэл хангагдан ажиллаж байна. Мөн 2, 5, 8 дугаар хорооны “ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-д ажиллаж давхардсан тоогоор 51 төрлийн сургалт семинарыг зохион байгуулан 2100 гаруй иргэд хамрагдсан үзүүлэлттэй байна.
ХУД-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн хэрэгжилт ямар түвшинд хэрэгжиж байна вэ?
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуульд орсон өөрчлөлтөөр олон нийтийн оролцоотой худалдан авалтыг 2013 онд амжилттай хэрэгжүүлж 6 хороонд найман ИРГЭДИЙН БҮЛЭГ байгуулан ажиллуулж нийт 60 гаруй сая төгрөгний ажил гүйцэтгүүлэн ажилласан. Харин 2014 оны хувьд Иргэдийн бүлгийн ажиллах журам болон санхүүжилтийн журмыг нь дүүргийн ИТХ-аар хэлэлцэн тогтоол гарган ажиллаж байгаа.
ХУД энэ жил бүтээн байгуулалтын ажил нилээд өрнөсөн. Ямар ямар томоохон ажлуудыг хийж байгаа вэ?
ХУД-ийн тав тухтай, эмх цэгцтэй, аюулгүй байлгах нь бидний ажлын гол зорилт байдаг. Энэ үүднээс бүтээн байгуулалт, зам засвар болон түүний гэрэлтүүлэг тохижилтын ажил нилээн хийгдээд явж байна. Тухайлбал, ХУД-ын 3-р хороо Атар-Өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замын өргөтгөл шинэчлэлийн ажил эхэлсэнтэй холбогдон шинээр 124ш 150Вт-н лед гэрэл, Наадамчдын замын урд талын зорчих хэсэгт одоогийн байдлаар 220ш 210Вт-н болон явган зам талдаа 90Вт лед гэрэл хийж, Дунд голын зам дагуу 217ш 400 Вт ДНТР гэрэлтүүлэг шинээр хийсэн байна. Чингисийн өргөн чөлөөний өргөтгөл, ТЭЦ-3-ын уулзвар, NТV-телевизийн уулзварын өргөтгөл шинэчлэлтэй хамт явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлууд хийгдээд байна.
Мөн Биокомбинат, Шувуунфабрик хүртлэх 22,5 км зам, Өлзийт хорооллын авто замын ажлууд дуусч иргэд талархан хүлээн авсан. Яармагаас Баянзүрхийн товчоо хүртэлх 17,5 км замыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулж дүүргийн маань иргэд зорчиход таатай сайхан нөхцөл бүрдэж байгаад баяртай байгаа.
Дүүргийн ЖДҮ болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих ажлын хүрээнд ямар ажлууд хийгдэж байна бэ?
Дүүргийнхээ хувиараа хөдөлмөр эрхэлж, нөхөрлөл хоршоо байгуулан ажиллаж буй хүмүүсээс ирсэн 84 төсөлд 100 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 100 иргэнийг сургалтанд хамруулан, 100 ажлын байр шинээр бий болгосон. ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн 10 төсөлд 500 сая төгрөгийн зээл олгоcноор 5 жилийн хугацаатай хэрэгжих эдгээр төслүүдийн хувьд 63 ажлын байр хадгалагдан, 67 шинэ ажлын байр бий болгоод байна.ХУД нь Хүүхдийг дэмжин ажиллаж байгаа. Хүүхдийг дэмжих жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил болоод өөр бусад салбарт хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудаасаа товчхон дурьдвал?
Хан-Уул дүүрэг 2012 онд авъяас хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бол 2013-2016 оныг “ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласан. Бид ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхан амьдралын төлөө “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ” хөгжлийн хөтөлбөр боловсруулж хүүхэд хөгжил, хүүхэд хамгаалал гэсэн хоёр дэд хөтөлбөрийн хүрээнд салбар зөвлөл байгуулан ажиллаж байна. Мөн дүүргийнхээ 14-р хорооны Өлзийт хорооллын их эмчийн салбарыг “Хашчагнуур” ӨЭМТ-д нэгтгэснээр салбарын үйл ажиллагаа өргөжин ӨЭМТ-ийн статусаар иргэдэд анхан шатны тусламжийг хүргэх нөхцлийг бүрдүүлэн санхүүгийн хараат бус байдал арилж бие даан хөгжих бололцоо нээгдэн ажиллаж байна. Дүүргийн 4,8,9,11-р хороонд Өрхийн эрүүл мэндийн төвийг 0-16 насны хүүхдүүдэд товлолын вакцин хийх нэг цэгийн үйлчилгээний тоног төхөөрөмжөөр ханган үйлчилгээг эхлүүлсэн байгаа. “Чанд авиа”, “Хашчагнуур”, “Мэнд саруул” ӨЭМТ-үүдэд амьсгалын замын өвчний үед хэрэглэх зориулалттай утлагын аппаратыг олгосон. Түүгээр ч зогсохгүй Хан-Уул дүүрэг маань хоггүй хороо болох зорилт тавин ажиллаж дүүргийн ТҮТөвд нэмэлт санхүүжилтийн хийсэн юм. Үүний хүрээнд дүүргийн 14 дүгээр хороо Гавжийн шанд дахь 2 га гаран хур хогтой байсан газрыг иргэдийн оролцоотой, дүүргийн ТҮТөв болон хороодын албан хаагчдын хүчээр хогийг цэвэрлэж чадсан гэх мэт сайхан ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Хан-Уул дүүрэг нь Монгол Улсын Засгийн газраас 2013 оныг “Ажилтай, орлоготой Монгол хүн” болгон зарласантай холбогдуулан Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажил мэргэжлээ сонгох, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр 54 удаагийн арга хэмжээг зохион байгуулж 4906 иргэн хамрагдсан байна.“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй 80 иргэнд 70 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосноор 91 ажлын байр шинээр бий боллоо.
Дүүргийн хэмжээнд зохиогддог соёл, хүүхэд залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр хийгдэж буй ажлууд юу байна вэ?
Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг “Хараацай” хүүхдийн урлагийн их наадмыг 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг наадамд энэ жил ХУД-ийн бүх сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулж 1, 2-р шатанд нийт давхардсан тоогоор нийт 3360 хүүхэд амжилттай оролцож шилдгүүдээ тодруулсан.
Мөн “Хөгжлийн түлхүүр бидний гарт” хүүхдийн VI чуулганыг амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ХУД-ийн 6-р хороонд “Хүүхэд залуучуудын хөгжлийн төв” –ийг ашиглалтанд оруулаад байна. Үүнээс гадна Хүүхдийн төлөө үндэсний газраас зохион байгуулсан “Хүүхдийн чуулган”-нд дүүргийнхээ хүүхдүүдийг идэвхитэй оролцуулж, тус чуулганаар 2012-2022 оны Монгол хүүхдийн төлөв байдал, тэдэнд үзүүлэх нийгмийн дэмжлэгийг тодорхойлж, шийдвэр гаргагч хэрэгжүүлэгч нарт хүүхдүүд, санал, бодол, хүсэл тэмүүллээ илэрхийлж, хамтарч ажиллаж байна.Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Цаашид ХУД-т хийгдэж буй ажил болон томоохон зорилт, хэрэгжилтийн талаар иргэдээ байнга мэдээллээр хангахыг зорьж ажиллаж байна.