Монгол төрийн сүүлийн 20 жилийн ганц бүтээн байгуулалт нь дэлхийд томд орох Сонсголонгийн шорон

2014 оны 3 сарын 20

Монголын төр сүүлийн 20 жил юу хийж бүтээв ээ. Улс орны хөгжилд түлхэц өгөх томхон бүтээн байгуулалт, хүн ардынхаа амь амьжиргаанд нэмэр болохуйц юу хийв.Япон улсын тусламжаар нэлээн хэдэн дунд сургуулийн өргөтгөлийг шинээр барьжээ.  Үүнийг төр хийсэн гэж булхайцдаггүй юм бол төрийн өөрийнх нь хийж бүтээсэн зүйл алга.

 

Эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхөж, өвчтөнүүд нь хонон өнжин эмчид үзүүлэхээр дугаарлаж эмнэлгийн байрандаа багтаж ядаж байхад ганц олигтой эмнэлэг ч шинээр барьчихсангүй. Яармагийн дэнжид шинэ төрөх эмнэлэг барина гэж хичнээн жил худлаа ярьжээ. Одоо тэнд хэрзийсэн рам босоод дөрөв таван жил болж байна. Цахилгаан станц, үйлдвэрлэлийн парк байгуулна энэ тэр гэсэн том байгууламж бол цаасан дээр л байдаг. Үүнийгээ хийдэггүй болохоор харин сайхан ярьж чадна.

Монголд хүүхдийн нэгдсэн том эмнэлэг ганцхан байдаг. Ачааллаа  дийлэхээ больсон энэ эмнэлэгтэй дүйцэхүйц эх нялхсын эмнэлэг дахин барья гэсэн санал гарч ирэнгүүт үүнтэй зэргэцээд Туулын хөвөөн дээр асар том шорон барьчихсан. Эмнэлгээс ч том энэ шорон Монголын төрийн сүүлийн 20 жилд хийсэн ганц том бүтээн байгуулалт болон сүндэрлэж байна. Хамгийн орчин үеийн, дэлхийн стандартад нийцсэн гэх зэргээр энэ шоронгоо их сурталчилнаа, бас. Төрийн нэг цэгийн үйлчилгээг тэнд нээсэн гэсэн мэдээлэл ч их гарсан. Хүмүүсийг урин дуудаад байгаа мэт.

Оюун санаа, улс төр, нийгмийн зохион байгуулалтын хувьд ч төрийн чадамж тун сул юм. Ядаж л өнгөрсөн жилүүдэд улс төрийн хоёр намаа дэлхийн стандартад нийцүүлэх гээд баралгүй өдий хүрлээ. Манайд 1920-иод онд оросуудын байгуулж өгсөн коммунист угшилтай Монгол ардын нам,  хориод жилийн өмнөөс монголчуудын өөрсдөө байгуулах гэж зүтгэж байгаа Ардчилсан нам хоёрыг л нам гэж үзэхээс өөр аргагүй. Ардчилсан намыг олон хүн итгэл найдвараа болгож хардаг ч үзэл баримтлал, чиг баримжаанаасаа хол зөрүүтэй үйлдэл хийх болсон нь олны гайхшралыг барж байна. Мөн залгамж халаа, боловсон хүчингүй, хорин жилийн өмнөх хэд л байсаар.

Гэхдээ төр хийхийг хүссэн зүйлээ маш хурдан гүйцэтгэдгийг нэг зүйлээс бид тод харж болно. Монголын хамаг өнгөтэй өөдтэй сэхээтнүүдийг баривчлан буудан хороож байсан аймшигт До яамны шинэ цагийн хувилбарыг манай төр асар хурдан бий болгож чадсан. Ямар хурдан байгуулж чадаж байна вэ. Олон хүнийг баривчлан хорьж ар гэрийнхнийг нь амьдын хагацалд унагаж байгаа шинэ цагийн До яамны нэр нь Авлигатай тэмцэх газар. Энэ байгууллага Монголд хэн баяжиж, хэн хөлжиж байна,  тэднийг барьж хорих ажил хийдэг. Гэхдээ тэд өөрсдөө судалж сугалж барихгүй ээ, эздийнхээ захиалгаар ажиллана. Аль нам ялж эзэн болно, тэдний захиалгаар улс төр, эдийн засгийн баривчилгаа явуулж байна. Ялангуяа сонгууль дөхөхөөр өрсөлдөгч нам хүчнээ намнадаг гол байгууллага болдог. "Тунгалаг Тамир"-ын Цахиур Төмөр хэлдэг дээ "Хэдэн муусайн адсаганаас болж хүн алах нь ээ энэ чинь" гэж. Тэгвэл төрийн нэртэй хэдэн халтар төгрөгөөс болж халхын хамаг сайхан сэхээтнүүд шоронд орж дууслаа. АТГ-ынхан юм болгоноороо л ногоон малгайтнуудыг санагдуулах юм. Тэд нэг удаа айл нэгжиж байхдаа ингэж ярьж байна гэсэн. Тэр айлын ширээн дээр голд нь хүртэл уншчихсан англи ном байж л дээ. Тэрнийг сэгсэрч үзэнгээ "хэдүүлээ хэлний боловсролоо дээшлүүлэхгүй бол энэ муусайн олигархиудаас хол хоцрох нь ээ" гэж. Энэ нь 1917 онд бүдүүлэг харанхуй большивекүүд Оросын соёл боловсролтой язгууртнуудыг хэрхэн баривчилж, үгүй хийж байсантай агаар нэг сонсдож сэтгэл эмзэглүүлж байлаа. Үүнээс харахад монголчууд бид яасан ёозгүй ард түмэн бэ дээ. Монголын төр түүхэндээ үр хүүхдүүдийнхээ төлөө, эхчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө санаа тавьж үзээгүй. "Найрамдал" зуслан, Эх нялхсын төвийг Филатова гуай санаачилж барьж өгсөн бол Улаанбаатарт байгаа бүхий л том эмнэлгүүд, сургууль, цэцэрлэгийг оросууд л барьж байгуулж өгсөн байдаг.

Одоо төр барьж байгаа Ардчилсан намынханд анхааруулж хэлмээр нэг зүйл байх юм. Ардчилсан нам дараагийн сонгуулиас өмнө Авлигатай тэмцэх газрыг алга болгохгүй бол хоёр жилийн дараа та бүхний оймстой хөл гозолзон одож "Сонсголонгийн парламент"-ыг бүрдүүлэхэд бэлэн болчихоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хашир туршлагатай улстөрч, үхэхээс бусдыг үзсэн гэдэг Д.Цагаан гуай ч энэ талаар сэтгэл зовнин ярьжээ. Тэрбээр "Би Авлигатай тэмцэх газрыг хадны мангаа болж хувирах гэж байгаад санаа зовдог. Авлига гэдэг чинь нэг төрлийн гэмт хэрэг. Субьектээр нь, гэмт хэргийн төрлөөр нь ингэж мөрдөж шалгадаг байгууллага байгуулсан нь буруу гэж би үздэг. Авлига дэлхийн бүх оронд байгаа. Бусад улсууд яаж шийддэг тэр зарчмаараа л явах ёстой" гэж ярилцлагандаа дурдсан байна лээ. Энэ хүний үг л ортой санагдаад байх боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
814
0 эможи
keyboard_arrow_up