Си Зиньпин: Морины сайныг унаж мэддэг, хүний сайныг ханилж мэддэг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар байлцав.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпинийг чуулганы хуралдааны танхимд орж ирэхэд Улсын Их Хурлын гишүүд, хүндэт зочид босч хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин оролцож байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн босгон дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа нь 1994 онд хоёр орны хооронд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ болон хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж буй бусад баримт бичгийг амжилттай хэрэгжүүлж, цаашид хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Танд Монгол Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, нарлаг монгол оронд минь тавтай морилохыг хүсье” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Монгол Улсын Их Хурлын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Хүндэтгэлийн хуралдааныг нээснийг мэдэгдэхэд хөгжимт Төрийн дуулал эгшиглэж Улсын Их Хурлын гишүүд, хүндэт зочид босч хүндэтгэв.
Улсын Их Хурлын дарга дараа нь хүндэт зочныг Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэхийг урилаа.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин хэлсэн үгэндээ, “ Өнөөдөр Монгол Улсын Их Хуралд зочилж Та бүхэнтэй уулзаж байгаадаа их баяртай байна. Юуны өмнө миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа энд байлцаж буй та бүхнээр дамжуулан бүх Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе. Миний бие Монгол Улсын удирдагч нартай Хятад, Монголын харилцаа болон хамтран сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал бодлоо солилцож өргөн хүрээнд тохиролцоонд хүрсэн. Хоёр тал Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлэх хамтарсан Тунхаглал гаргаж 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна. Морины сайныг унаж мэддэг, хүний сайныг ханилж мэддэг. 65 жилийн өмнө Хятад, Монгол хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол улс бол хамгийн эрт шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улсуудын нэг мөн” гэлээ.
Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэт зочинд хандаж, Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд халуун дотно үг хэлсэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ. Улсын Их Хурлын даргын Хүндэтгэлийн хуралдааныг хааж хэлсэн үг, Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний хэлсэн үгийг parliament.mn, open.parliament.mn сайтад бүрэн эхээр нь нийтлэнэ.