Бүх дэлхий цахим засаглал руу
Монголын төр улам л данхайгаад, тэр хэрээр бүтээмж нь улам л дордоод байгаагийн учир шалтгаануудын нэг бол төрийн ажил хэрэгт технологийн дэвшил нэвтрэхгүй байгаатай шууд холбоотой. Чухамхүү эл байдал бидний хөгжилд ноцтой саад тээг болж байна гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачлан зохион байгуулсан “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалт дээр зориуд анхааруулсан юм.
Монголын төр асуудал үүсэх бүрийд “шуурхай хариу үйлдэл” үзүүлж, тэр даруйд нь хүнээ нэмээд, бүтцээ томруулаад байдгийг төрийн тэргүүн хатуу шүүмжлэлээ. Угтаа бол, ухаалаг төр нь цомхон чадварлаг хүчээр аливаа асуудлыг хамгийн оновчтой бөгөөд хамгийн үр дүнтэй аргаар шийдвэрлэдэг байх ёстой юм. Төр данхайгаад байдаг шалтгаан чухам юунд байдгийг эргэцүүлэх зуур “ер нь төрөө ухаалаг болгохын тулд бусад улс орнууд технологийн дэвшлийг хэрхэн ашигладаг юм бол, ухаалаг төрийн гол салшгүй нэг хэсэг болсон цахим засаглал гэж чухам юу вэ” гэдгийг ухаж ойлгохын тулд энэ талаар мэдээлэл хайн интернэтээр хэсэг зуур хэсүүчиллээ. Ингээд аль хэдийнэ дэлхий нийтийн хөгжлийн хандлага болчихоод байгаа цахим засаглал гээч зүйл жинхэнэ утгаараа хэрэгжин, үр дүнг нь хамгийн ихээр хүртэж буй зарим орнуудын үлгэр жишээг уншигчдадаа толилуулахаар шийдэв.
Цахим засаглалын үйлчилгээний дэлхийн зах зээлийн багтаамж 160 орчим тэрбум долларт эргэлдэж байгаа нь хэмжээ далайцын хувьд үүрэн телефоны зах зээлтэй бараг дүйж байна.
Цахим буюу тоон засаглал гэдэг чухам юуг хэлэх вэ? НҮБ-ын тодорхойлсноор бол энэ нь “засгийн газрын мэдээлэл болон үйлчилгээг иргэдэд олгох үүднээс дэлхийг хэрсэн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглах явдал” юм. Мэдээж хэрэг, цахим засаглал тогтоох тал дээр орон орны туршлага загвар өөр өөр боловч дор дурдсан хэд хэдэн ерөнхий зорилтуудыг шийдэхэд л голлон чиглэдэг. Үүнд: Засгийн газрын баримт бичиг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэх, төр болон иргэний нийгэм хоорондын харилцааг аль болохоор цахимжуулах, төр ба ард иргэдийн хоорондын эргэх холбоог тогтвортой, үр дүнтэй байлгах үүднээс интернэтийн сүлжээг ашиглах, шийдвэр гаргах болон түүнийг хэрэгжүүлэх явцад засгийн газрын үйл ажиллагааг хянах тогтолцоог бэхжүүлэх зэрэг болно. Эдгээр зорилтыг амьдралд хэрэгжүүлснээр улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт гаргасан нэн чухал шийдвэрүүдийг ард олон хэрхэн хүлээн авч байна гэдгийг ахархан хугацаанд тодорхойлж, тэднийг улс орны хөгжлийн зангилаа асуудлуудыг шийдэхэд ухамсартайгаар татан оролцуулах боломж нээгдэнэ. Өндөр хөгжилтэй орнууд цахим засаглалыг Монгол Улстай харьцуулахад харьцангуй олон жилийн өмнөөс хэрэгжүүлсэн учраас тэдгээр улсын загвар, туршлагыг судлах асуудал нэн чухал болой.