С.Ламбаа: УИХ-ын даргын хэлэх үг, хийх дүгнэлт алдаагүй байх ёстой
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын даргын ахлах зөвлөх, эдийн засгийн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш С.Ламбаатай ярилцлаа.
-УИХ өнгөрсөн намрын чуулганаар 2014 оны төсвийг батлахдаа “Авилгажсан” гэх тодотголтой хөрөнгө оруулалтыг зогсоож царцаасан. Одоо энэ асуудал ямар шатанд явж байна вэ?
-243 барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг царцааж Аудитын байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн. Аудитын байгууллага шалгаж нягтлаад УИХ-д өргөн барьсаны дараа төсвийн байнгын хороогоор хэлэлцэж эхлэнэ. Энэ долоо хоногоос төсвийн байнгын хороо хуралдаж эхлэх байх. Тэгээд УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийгдэнэ.
-Ээлжит бус чуулган хэдийд хуралдах бол?
-Гурав дугаар сарын сүүлчээр хуралдана. Хэлэлцэх асуудал бэлэн болонгуут УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ дагуу захирамж гаргаж ээлжилт бус чуулганыг зарлана.
-“Авилгажсан” төсөв гэдэгт зөвхөн 2013 оны төсөвт тусгагдсан барилга байгууламжууд л хамрагдсан юм уу?
-Ганц 2013 он ч биш л дээ. өмнөх онуудаас шилжиж ирсэн ерөнхийдөө он удаан жил баригдаж жил бүр төсөв нь нэмэгдэж байгаа барилга, байгууламжууд хамрагдаж байгаа. Ер нь УИХ-ын гишүүдийн тойрогт зориулж 10 сая, 250 сая, нэг тэрбумыг хуваарласан үеээс л төсвийн төлөвлөлт гүйцэтгэлд тавих хяналт суларсан. Өөрөөр хэлбэл гишүүд тойрогтоо барилга барих зорилгоор ямарч зураг төсөвгүйгээр дээрхи мөнгийг 100, 200, 300 саяар нь хувааж төсөвт суулгаж эхэлсэн. Нэгэнт суурь хөрөнгө оруулалтыг баталсан болохоор зураг төсөв хийгдэнэ. Тэр нь бодитойгоор өснө. Дахиад л дараа жилийн төсөвт нэмэлт хөрөнгө суулгана. Ийм байдлаас болж өнөөдөр олон арван барилга гурав, дөрвөн жил үргэлжилж байгаа юм. Ийм байдлыг зураг төсөв зохиодог, баталдаг байгууллагууд ашиглаж хэт өндөр төсөв хийж байгаа нь ч үнэн. Нөгөө талаар чадамжгүй компаниудад барилгын ажлыг өгсөнөөс хугацаа алдаж нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцлийг бүрдүүлж байна. Үүний цаана авилга байгаа гэж хэлээд байгааг үгүйсгэх аргагүй.
-2013 оноос гишүүдийн тойрогт хувиарлагддаг байсан тэрбум төгрөг алга болсон ч 2014 оны төсвөөс хасагдсан зарим барилга, байгууламжууд байгаа юм бишүү?
-Өмнөх онуудын дуусаагүй барилгууд чинь цөмөөрөө 2013, 2014 оны төсөвт тусгагдаад л явж байсан шүү дээ. Ойрын хоёр жилдээ үргэлжлэнэ. Энэ асуудлыг нэг тийш болгож зураг төсөвгүй барилга байгууламжыг төсөвт суулгадаг буруу практикийг зогсоож байгаа нь цаашдаа төсвийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой алхам. Нөгөө талаар суурь нь тавигдаад эхэлчихсэн барилга байгууламжуудыг хаялаа гэхэд төсвийн хэмнэлт гарах мэт харагдаж байгаа ч өмнө нь зарцуулсан олон зуун тэрбум төгрөгийг газарт булна гэсэн үг. Энэ барилгууд дотор сум орон нутгийн захиалгаар хийгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг,соёл, спортын чиглэлийн барилгууд олон байгаа. Тийм болохоор шинээр эхлэх барилгын хөрөнгө оруулалтад хязгаарлалт хийгээд дутуугаа бүхэлд нь дуусгах зорилгоор 2013 оны төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-аас тогтоол гаргаж зохицуулах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу УИХ төсвийн төлөвлөлт дээр онцгой анхаарал тавьсан.
-Ийм завхралыг тухайн үед нь зогсоож болоогүй юм уу?
-Төсөв орж ирэх болгонд л бөөн шуугиан болдог байсан биздээ. Ерөнхийлөгч хүртэл гишүүдийн төсөв гэдгийг шүүмжилж хориг тавьж байсан. Үнэндээ гишүүдэд өгдөг мөнгө биш л дээ. Гишүүдийн саналыг харгалзаад тойрогт нь тэр хэмжээний хөрөнгө оруулалт хийж өгдөг байсан юм. Гаргасан саналаар нь шийднэ гэвэл юун тэрбум, хэдэн арван тэрбумыг шаардана шүү дээ. Энэ чинь УИХ-ын гишүүд тойргийн төлөө ажилладаг тогтолцоотой л холбоотой юм ш дээ. Одоо тойрогтой гишүүд тойргоо яриад, тойроггүй гишүүд нь чимээгүй л байх жишээтэй.
-УИХ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа баталж чадалгүй завсарласан. Хэзээ энэ асуудлаа шийдэх вэ?
-УИХ дахь МАН- ын болон “Шударга ёс” эвслийн бүлгээс өөрсдийн өргөн барьсан хууль тогтоомжыг хэлэлцэх асуудалд оруулах асуудлыг тавьж маргаан үүссэн. Үүнээс болж баталж чадаагүй. Өргөн барьсан хуулийг хэлэлцэж болно л доо. Гэхдээ тооцоо судалгаа үндэслэл сайтай байх ёстой. Зарим хуулиуд өнөөгийн эдийн засгийн чадамжаас хэт давсан, нөгөө л халамж, тэтгэмжийн бодлогыг дээдэлсэн агуулгатай болохоор хэлэлцэх боломжгүй гээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын дарга байр сууриа олон удаа илэрхийлсэн.
-Таныг сайд байх үед өргөн барьсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль яагаад гардаггүй юм бэ. Үнэхээр чухал хууль юм бишүү?
-Чухлаар барах уу? Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн шинэчлэлийн амин сүнс нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоо шүү дээ.Тийм учраас 2010 онд Эрүүл мэндийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг зэрэг өргөн барьсан. Харамсалтай нь Эрүүл мэндийн тухай хуулийг батлаад даатгалын хуулийг баталж чадаагүй. Энэ парламетын үед бас л баталж чадахгүй цаг алдсаар л байна. Сая анхны хэлэлцүүлэгт ороод санал хураалт явагдах боломжгүй болж ажлын хэсгийн ахлагч татаж аваад байна. Даатгалын хуультай холбоотой олон зохицуулалт шаардлагатай болж байна. Тухайлбал сая Улсын нэгдүгээр эмнэлэгт хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдлээ. Гэтэл хүүхдийн оношлогоо эмчилгээний зардлыг төр хариуцах ёстой атал төлбөр авах гэж байна гэсэн асуудал хөндөгдсөн. Буруу биш л дээ. Төсөвт тийм зардал тусгагдаагүй болохоор боломж байхгүй. Тийм учраас хандиваар шийдэх шиг боллоо. Тэгэхлээр өндөр өртөгтөй оношлогоо эмчилгээний зардлын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалаас хариуцана гэсэн заалтад хүүхдийг оруулах шаардлага гарч байх жишээтэй. Уг нь даатгалын тогтолцоог бие даалгаад нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж дэлхийн жишигт нийцүүлэх ажлыг цаг алдалгүй хийчихмээр байна.
-Хуулийг энэ чигээр нь хэлэлцэхэд түвэгтэй байдал үүсчих шиг болсон. Ямар гарц байх шиг байна?
-Миний хувьд санал хураалгах 100 гаруй асуудлыг нь тусгаад Засгийн газраас өргөн барих нь хамгийн хурдан шийдэх гарц гэж бодож байна. Ингэхийн тулд С.Эрдэнэ, С.Ганбаатар гишүүн хоёр хуулиа татаж авах шаардлага гарна. Тийм хуулийн зохицуулалалттай юм. Тэр тохиолдолд Засгийн газар даатгалын хуульдаа өрхийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлэх хувилбарыг шилжилтийн үетэйгээр давхар оруулж өргөн барих ирэх хэрэгтэй. Яагаад гэвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт АН-ын сонгуулийн амлалтын дагуу Өрхийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шилжинэ гэсэн заалт орсон байгаа. Амлалт бол амлалт шүү дээ.
-Та УИХ-ын даргын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. Таны зөвлөгөөг хэр авч байна даа?
-Бид чинь олон жил улс төрийн тогоонд хамт ажиллаж амьдарч байна шүү дээ. 2000 онд таван нам нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад бид хоёр намын удирдлагад хамт ажиллаж байлаа. АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, УИХ-ын гишүүн гээд нэг ангийн андууд. Манай хүн чинь аливаа асуудалд шулуун шударга, зарчимчаар ханддаг, хэнд ч хатуу, хөтүү үг чулуудаж чаддаг хүн шүү дээ. Одоо бол энэ хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг, төрийн хуулиар өндөр хариуцлага хүлээсэн алба хашиж байгаа болохоор өөрөөрөө байхаас гадна төрийн ёс жаягыг дээдлэх гэдэг утгаараа тавих шаардлага өндөр шүү дээ. Бие даасан эрх дархтай 76 гишүүний эв эеийг олж улс төрийн оновчтой бодлогоор төрийн ажлыг явуулахад олон юмыг бодох боловсруулах шаардлага гарна. Энэ талаасаа бид хоёр нилээн ярилцаж зөвлөлддөг. УИХ-ын даргын хэлэх үг, хийх дүгнэлт,аливаа үйлдэл бүхэн алдаагүй байх ёстой. Энэ тал дээр миний хувьд онцгой анхаардаг.
-Саяхан УИХ-ын дарга бууз чимхэх арга заалаа энэ тэр гээд л нэг сонинд шүүмжилсэн байсан. Ийм жижигхэн асуудлаар ярих хэрэг байдаг юмуу?
-УИХ-ын дарга ухаалаг төртөй болохын тулд хууль эрх зүйн орчинг өөрчлөхийн хамт засаглалын үйл ажиллагааг инженерчлэх талаар нилээн ярьж байгаа биз дээ. Энэ талаар УИХ-ын тамгын газарт хэрэгжүүлэх үүрэг өгч, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа орж байна. Буузны тухайд гэвэл бууз чимхэх аргын тухай яриагүй юм ш дээ. Дараалал, шийдэл үр дүнг нь хараад агуулга нь өөр юм байна гэдгийг эрүүл саруул ухаантай хүн ойлгохоор байсан. УИХ-ын дарга жижигхэн асуудал яриагүй, харин асуудлыг жижигхэн ойлгож улс төр хийх гэж оролдож байгаа нь инээдэмтэй санагдсан.
-Та Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Их сургуулиуд бүтцийн өөрчлөлт хийгээд л бужигнаад байх шиг байна. Танай сургууль саяхан бүтэцээ өөрчилсөн гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-БШУЯ-наас өгсөн чиглэлийн дагуу өөрчлөлт хийгдэж байна. Миний хувьд энэ шинэчлэлийг яарч сандарч хийхийг урьтал болгоогүй. 11 сард бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх саналаа ул суурьтай боловсруулж багш, оюутан, захирлын болон эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж 2-р сард Удирдах зөвлөлд оруулах үүрэг өгсөн. Үүний дагуу 21-нд Удирдах зөвлөл хуралдаж оруулсан асуудлыг нь хэлэлцэж шийдсэн. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нэрийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгох саналыг дэмжсэн. Хуучин 7 бүрэлдэхүүн сургуультай байсныг 5 болгосон. Анагаахын, Уламжлалтын сургуулийг нийлүүлж Анагаах ухааны сургууль болгосон. Эмзүй, биоанагаахын сургуулийг нийлүүлж Эмзүй-Биоанагаахын сургууль болгосон. Энэ хоёр сургууль дотроо салбаруудтай байх юм. Эрүүл мэндийн, Нүүр ам судлалын, Сувилахуйн сургуулиуд хэвээр үлдсэн. Тэнхмүүдийн давхардлыг арилгасан. 68 тэнхимтэй байсныг 39 болгосон.Дотрын нарийн мэргэжлийн тэнхмүүдийг дотрын нэг тэнхимд нэгтгэсэн. Миний хувьд эмнэлгүүдийн тасаг нарийсаж хөгжиж байгаа тохиолдолд сургуулийн тэнхмүүдийг ингэж нэгтгэх нь буруу гэсэн байр суурьтай байсан. Тийм учраас ядахад нарийн мэргэжлээрээ профессорын баг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн санал тавьсан. Эцэст нь ийм байдлаар шийдсэн. Цаашдаа өөрийн гэсэн эмнэлэгтэй болох үед тэнхим тасгуудын үйл ажиллагааг уялдуулах шаардлага гарах байх. Хамгийн гол нь нэр бүтэц өөрчлөхөөс гадна сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг маш сайн хийх ёстой. Энэ талаар үүрэг даалгавар өгсөн байгаа.