А.Гантулга: Орон сууц худалдан авах эрх хожигчийг сугалаагаар тодруулна

2014 оны 3 сарын 13

Монгол Улсын Засгийн газраас баталсан "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан Буянт-Ухаа орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь Улаанбаатар хотын ХУД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаад өөрийн эзэмшлийн 4,6 га газарт нийтийн орон сууцны хороолол барьж байгаа.

 

“Буянт Ухаа” хорооллын эхний ээлжийн орон сууцууд энэ оны тавдугаар сард багтан ашиглалтанд орох юм байна. Энэхүү орон сууцны хороололд иргэдээс захиалга авах ерөнхий журмыг 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын 36 тоот тогтоолоор баталсан. Тус журмаар нийт орон сууцны 60 хувьд төрийн албан хаагчид, 40 хувьд зорилтот бүлгийн иргэд болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлийг хамруулахаар заасан юм.

Улмаар Засгийн газраас батлан гаргасан журмын шаардлага хангасан иргэдээс орон сууцанд захиалга өгөх хүсэлтийн бүртгэлийг Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаар авах болсонтой холбогдуулж ТОСК-оос мэдээлэл хийлээ. Энэхүү бүртгэлийн ажиллагаа өнөөдөр 13.00 цагаас эхлэн энэ сарын 24-ний өдрийн 18.00 цагийн хооронд орон даяар явагдах юм байна. Энэ талаар ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Орон сууц худалдан авах иргэд ямар болзлыг хангасан байх ёстой вэ?

-Энд ерөнхийдөө зургаан үндсэн шалгуур байгаа. Тухайлбал, “2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод байнга оршин суух хаягийн бүртгэлтэй Монгол Улсын иргэн байх,

-Анх удаа орон сууц худалдан авч байгаа (энэ заалтад 18 нас хүрэхээс өмнө гэр бүлийн гишүүдийн хамтран  өмчлөх орон сууцанд бүртгэлтэй этгээдийг хамруулна)

-Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж, сүүлийн 2 жил нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн, эсхүл 2-оос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн байх,

-Банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх,

-Өмнө нь банк, санхүүгийн байгууллагаас орон сууцны зээл авч байгаагүй байх,

-Орон сууцны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх боломжтой байх,

-Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкнаас зээл авахад банк санхүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчид тавигдах нөхцөл шалгуурыг хангасан байх гэх мэт шаардлагуудыг  хангасан байх ёстой” гэх мэт шаардлагуудыг хангасан байх ёстой.

-“Буянт ухаа” 1 хороололд орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийг шалгаруулах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Орон сууц худалдан авах эрх бүхий иргэдийг шалгаруулах үйл ажиллагаа нь хоёр үндсэн үе шатнаас бүрдэх учиртай. Эхний шатанд Засгийн газрын журмын шаардлага хангасан иргэдээс орон сууцанд захиалга өгөх хүсэлтийн бүртгэлийг Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаар бүртгэнэ. Энэхүү бүртгэлийн ажиллагаа 2014 оны гуравдугаар сарын 10-ний өдрийн 13:00 цагаас 2014 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 18:00 цагийн хооронд явагдаж дуусна.

-Бүртгэл нийтдээ хэчнээн ТҮЦ машинаар явагдах вэ?

-Улаанбаатар хотод байгаа 20 ширхэг, мөн аймгийн төвүүдэд байгаа ТҮЦ машинд байршуулсан “Орон сууцны захиалга” гэсэн цэсээр дамжуулан бүртгүүлнэ. Иргэд ТҮЦ машинд бүртгүүлэхдээ иргэний цахим үнэмлэхтэйгээ очих ёстой. ТҮЦ машин иргэдийг бүртгэхдээ иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллийг мэдээллийн сангаас шүүн бүртгэх бөгөөд иргэний мэдээлэл нь Засгийн газрын журмын иргэний бүртгэлтэй холбоотой хэсгийн шаардлагад нийцээгүй байвал ТҮЦ машин бүртгэхээс татгалзсан хариуг өгөх болно. Улмаар иргэн нь ТҮЦ машинд бүртгүүлэхдээ асуулгын дагуу үнэн зөв хариулт өгч бүртгүүлэх ёстой бөгөөд хэрэв худлаа мэдүүлвэл хоёр дахь шатны мэдээллийг нягтлан шалгах ажиллагаагаар тогтоогдвол тухайн иргэнийг бүртгэлээс хасах арга хэмжээг авна.

-Бүртгэлийн хоёр дахь шатны ажиллагааны талаар?

-Бүртгэлийн хоёр дахь шатны ажиллагаа нь ТҮЦ машинд бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг шалгаж, ТҮЦ машинд бүртгүүлж, хүсэлт гаргасан иргэдээс сугалаанд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргах, энэхүү жагсаалтаас орон сууц худалдан авах эрх хожигчийг сугалаагаар тодруулах ажиллагаа зэрэг болно. ТҮЦ машинд бүртгүүлсэн иргэн нь Засгийн газрын журманд заасан нийтлэг шалгуурыг хангаж байгаа эсэхийг бүртгэлийн ажиллагаа дууссанаас хойш манай зүгээс нягтлан шалгах юм. Хэрвээ журмын шаардлагад нийцээгүй байвал тухайн иргэнийг орон сууц худалдан авах эрх хожигчийг тодруулах сугалааны бүртгэлээс хасах болно.

-ТҮЦ машины бүртгэл явагдаж дууссаны дараа иргэдэд ямар байдлаар мэдээллэх вэ?

-ТҮЦ машины бүртгэлийн ажиллагаа дууссаны дараа дор дурдсан  мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагуудын мэдээллийн сангаас шүүлт хийн шалгаж, сугалаанд оролцох эрх бүхий хүсэлт гаргагчдын нэрсийн тодруулж, тухайн иргэнд нь мэдээллэх болно. Үүнд:

“-Хүсэлт гаргагч иргэн өмнө нь болон одоо орон сууц эзэмшиж байсан болон байгаа эсэх,

-банк санхүүгийн байгууллагад орон сууцны зээлтэй эсэх,

-банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өртэй эсэх,

-нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн хоёр жил тасралтгүй төлж байсан эсэх,

-төрийн албан хаагчийн хувьд төрийн байгууллагад ажиллаж байгаа эсэх.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд Засгийн газрын журманд заасан шаардлагад нийцэж байгаа” эсэхээс хамаарч тухайн иргэнд эргэж мэдээлнэ.

-ТҮЦ машины бүртгэл болон хоёр дахь шатны нягтлан шалгах ажиллагаагаар үндэслэлгүйгээр бүртгэлээс хасагдсан гэж үзэж байгаа иргэн байвал гомдлоо хэдий хугацаанд хаана яаж мэдүүлэх вэ?

-Энэ тохиолдолд тухайн иргэн 2014 оны гуравдугаар сарын 30-ний өдрийн дотор ТОСК-ийн Хуулийн хэлтэст гомдлыг бичгээр гаргаж болох бөгөөд Засгийн газрын журмын шаардлагыг бүрэн хангаж байгаагаа нотлох бичиг баримтыг хавсарган ирүүлнэ. ТОСК-ийн зүгээс гомдлыг шалгаж үзээд захиалганд хамрагдах шаардлагыг хангасан байвал цахим бүртгэлд хамруулж, бүртгэлийн дугаар олгох юм. Захиалгын хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг бүрэн шалгаж дууссаны дараа сугалаанд оролцох нэрсийг эцэслэн гаргасны дараа сугалааг явуулах хугацаа, журмыг олон нийтэд жич мэдээллэх болно.

-Бүртгэлтэй холбоотойгоор иргэдэд анхааруулж хэлэх нэмэлт мэдээлэл байна уу?

-Иргэд маань ТҮЦ машинаар бүртгүүлэхдээ өөрсдийнхөө сонголтоо урьдчилан хийж байж сонголтоо хийх хэрэгтэй. Урьдчилан сонголт хийгээгүйн улмаас ТҮЦ машинд ямар нэгэн байдлаар алдаа гарсан тохиолдолд дахин бүртгэлийг дахин авах боломжгүй. Тийм учраас “Буянт Ухаа” 1 хорооллын орон сууцны хорооллын байр сонирхож байгаа иргэдийн тухайд сонголтоо хийхээсээ өмнө хэдэн м.кв-тай ямар хэмжээний байрыг авах вэ гэдэг тэр зүйлээ өөрөө сайн төлөвлөөрэй гэж хэлмээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
725
0 эможи
keyboard_arrow_up