Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцав

2014 оны 8 сарын 12

Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид 8 дугаар сарын 10–ны өдөр АСЕАН Бүсийн Чуулга уулзалтад (ARF) оролцлоо. Энэхүү чуулга уулзалт нь АСЕАН–ы үндсэн гишүүдээс гадна тус байгууллагын яриа хэлцлийн түнш болон хамтран ажиллагч орнуудыг хамарсан байдаг тул Ази, номхон далайн бүсийн улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хамгийн том чуулган болсон юм.

 

21 дэх удаагийн энэ чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, АНУ, Европын Холбоо, БНСУ, Япон, Австрали, Монгол зэрэг 28 улсын гадаад харилцааны сайд, дэд сайд нар оролцов.

Сайд Л.Болд чуулганы тусгай хуралдаанд үг хэлэхдээ бүс нутгийн энх тайван,  аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын баримталж буй бодлогыг танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилга, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхэд манай улсаас олон улсын түвшинд хийж буй ажил, энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмэр зэргийг онцлохын хамт бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр баримталж буй бодлогын талаар мэдээлэл өглөө.

Чуулганы нэгдсэн хуралдаанаас гарсан хамтарсан тунхагт Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөнөө зарласан явдлыг сайшаан энэ чиглэлээр манай улсын санаачилгыг бусад улсууд дэмжихээр тусгасан байна.

Гадаад харилцааны сайд Л.Болд АСЕАН–ы Бүсийн чуулга уулзалтад оролцох үеэрээ БНХАУ–ын Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ–ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов нартай албан ёсоор уулзан хоёр талын болон гурван талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хөрш орнуудын сайд нартай хийсэн уулзалтын гол сэдэв нь ирэх өдрүүдэд Монгол Улсад хийх БНХАУ–ын Дарга Си Зиньпиний төрийн айлчлал, ОХУ–ын Ерөнхийлөгч В.В.Путины ажлын айлчлалуудын бэлтгэлийг хангах асуудал байв.

Гадаад харилцааны сайд нар төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр хэлэлцэн шийдвэрлэгдэх ёстой асуудлууд, байгуулагдах баримт бичгүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож зарим асуудлаар нэгдсэн ойлголтод хүрлээ.

Сайд Л.Болд эдгээр айлчлалын ач холбогдол, үр дүнг хамгийн өндөр түвшинд хүргэх, Монгол Улсын хөгжилд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын баримталж буй бодлогыг илэрхийлэхийн зэрэгцээ ирэх сард  анх удаа  гурван улсын төрийн тэргүүний нэгдсэн уулзалт зохион байгуулах асуудлаар манай талын байр суурийг тодотгов.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6919
0 эможи
keyboard_arrow_up