Хахууль авсан хэрэгт холбогдсон “Эрдэнэт Булганы цахилгаан сүлжээ“ ТӨХК-ийн захирал асан В.Адъяа ₮780 саяын 4 ОРОН СУУЦ, ₮40 саяын 5 ГАЗАРТАЙ

Энэ сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь “Эрдэнэт Булганы цахилгаан сүлжээ" ТӨХК-ийн захирал асан В.Адъяа нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Тодруулбал, УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар В.Адъяад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мандахын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцжээ. Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр В.Адъяа нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болжээ.
В.Адъяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
Тэгвэл хахууль авсан хэрэгт холбогдсон “Эрдэнэт Булганы цахилгаан сүлжээ" ТӨХК-ийн захирал асан В.Адъяагийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.
Тэрээр тус ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа жилийн орлого 189 сая төгрөг бөгөөд сарын орлого нь 16 сая төгрөг гэсэн үг.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮189 сая
Гэр бүлийн орлого: ₮51 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮205 сая
Орон сууц барилга байгууламж: ₮780 сая /Нийтийн орон сууц-4/
Тээврийн хэрэгсэл: ₮65 сая / Toyota Prius XW20 , Toyota Crown/
Мал аж ахуй: ₮15 сая /Адуу-1, Хонь-30/
Газар: ₮40 сая /Эзэмших-497м2-1, Эзэмших-600м2-1, Эзэмших-700м2-3/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮56 сая
Хадгаламж: ₮116 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮128 сая гэж мэдүүлжээ.
Хэргийн тухайд, АТГ-аас В.Адъяа нарын гэр, албан тасалгаанд нэгжлэг хийж, “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Баян-Өндөр сумын 6-0.4 кВ цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах Улсын комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэмээн үзсэн байдаг.
Улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Р.И” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50 сая төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45 сая төгрөг, жолоочийнхоо дансаар 5 сая төгрөгийг хахуульд авсан дөрвөн удаагийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоожээ.

