Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орж, янжуур болон электрон тамхи ижил зохицуулалтад орлоо

Тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурал(УИХ)-аар эцэслэн баталлаа.
Хуулийн төслийг УИХ-ын 78 гишүүн өргөн барьж байв.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг "126 гишүүнтэй ардчилсан Монгол Улсын парламентад хуулийг олон талаас нь ширүүн мэтгэлцээнтэйгээр хэлэлцэж болдгийн нэгэн жишээ нь энэ хууль байлаа. УИХ багийн шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрээрээ бид 13 жил шинэчлэгдэж чадахгүй байсан тамхины хяналтын тухай хуульд ахиц гаргаж, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах алхмыг хийсэндээ баяртай байна.
Үзэл санаанд нэгдэж, хамтдаа байж, багаар ажилласан, өнөөдөр эцэслэн батлах санал хураалтад оролцон саналаа өгсөн УИХ-ын гишүүддээ талархлаа илэрхийлье. Хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль үр дүнгээ өгч, хэрэгжилт нь сайн байж, 2030-2031 онд тамхидалтыг 13 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхийн төлөө хэрэгжилтэд нь анхаарч ажиллана" гэв.
