“Гурван шатны шүүхээс С.Зориг агсны хэрэгт гэм буруутай гэж үзсэн этгээдэд төрөөс орон сууц өгч байгаа нь харамсалтай“

2026 оны 10 сарын 02

Arslan.mn 

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн С.Зориг одоогоос 28 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдаж байв.

Түүний дурсгалд зориулж Төв шуудангийн урд талд босгосон хөшөөнд өнөөдөр АН-ын гишүүд, Иргэний зориг ногоон намын үүсгэн байгуулагчид болон иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Өнөөдрийн цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд АН-ын дарга О.Цогтгэрэл, генсек С.Баярцогт, Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир, Иргэний зориг ногоон намын үүсгэн байгуулагчдын төлөөлөл оролцов.

Цэцэг өргөснийхөө дараа АН-ын дарга О.Цогтгэрэл "С.Зориг агсны хэрэг гарснаас хойш 28 жил өнгөрсөн гэдэг бага хугацаа биш. Энэ хүний асуудал зөвхөн улс төрийн ашиг хонжоо хайдаг, улс төрчид биесээ буруутгадаг арга хэрэгсэл төдий болж хувирсан нь харамсалтай. 

АН-ын зүгээс энэ хэргийг нээлттэй болгох, шаардлагатай бол УИХ-ын сонсгол зохион байгуулах асуудлыг судлахаар ажлын хэсэг гарсан. Мөрдөн байцаалтын нууц гэх мэт хууль зүйн асуудал бий. Гэхдээ 28 жил өнгөрсөн учраас энэ хэргийг нээлттэй ярих ёстой" гэв. 

Мөн сэтгүүлч түүнээс "Уг хэрэгт холбогдсон Т.Чимэгээд хоёр ч удаа төрөөс орон сууц өгсөн асуудал яригдаж байна. Гэтэл энэ хүнийг гурван шатны шүүхээс гэмт буруутай гэж дүгнэсэн" хэмээн асуув. 

Асуултын хариуд АН-ын дарга О.Цогтгэрэл "Гурван шатны шүүхээс буруутай гэж үзсэн этгээдэд төрөөс орон сууц өгч байгаа нь харамсалтай санагдсан. Гэхдээ хуулийн процессыг шууд буруутгах нь зохистой эсэхийг мэдэхгүй байна. Гурван шатны шүүх буруутай гэж үзсэн нь ор үндэстэй зүйл" гэв. 

С.Зориг бол Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг бөгөөд 1989 онд Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий зохицуулагчаар ажиллаж, 1990 онд Парламентын бүлгэмийн дарга, 1992 оноос УИХ-ын гишүүн, 1996 оноос УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670932
0 эможи

keyboard_arrow_up