Ц.Цогзолмаагийн охин МАЖХ-ны ерөнхийлөгч С.Баясгалангийн хэрэгт ОНООСОН ₮15 саяар торгох ЯЛЫГ хэвээр үлдээжээ

Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан С.Баясгаланд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 23-ны өдөр хянан хэлэлцжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тэрбээр өмгөөлөгчдийнхөө хамт давж заалдах гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээжээ.
Тодруулбал, Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн тавдугаар сард С.Баясгаланд холбогдох хэргийг хэлэлцээд нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
Хэргийг эргэн сануулбал, өдгөө Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ)-ны ерөнхийлөгчөөр ажиллаж буй тэрбээр дээрх яаманд удирдах ажил хийж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Хурдан морины бооцоот уралдааны хуулийн төслийг боловсруулах гэрээ байгуулан бусдад давуу байдал олгон, улсын төсөвт хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.

