С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж “Ийм байвал зүгээр өнгөрөөхгүй шүү“ гэж дарамталсан

Ардчилсан намын харьяа Ардчилсан Залуучуудын Холбоо (АЗХ)-ны үндэсний чуулган маргааш хуралдаж, ерөнхийлөгчөө сонгоно.
Тус ерөнхийлөгчийн сонгуульд Э.Галбадрал, Д.Билгүүдэй болон УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар өрсөлдөж байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийг нь гүтгэж буй явдалд хариу тайлбар өглөө.
Тэрбээр "Түлш шатахууны хомсдолтой цаг үед АЗХ-ны ерөнхийлөгчийг сонгох чуулган хийх цаг үе нь биш гэдгийг зохион байгуулагчдад хэлсэн. Гэтэл Даваа гарагт бүртгэлээ аваад маргааш Өвөрхангай аймагт чуулганаа хийнэ гэдэг байдлаар явсан. Ийм муухай аргаар дахиж хайрцагласан байдлаар намын үйл ажиллагаанд оролцдогийг эсэргүүцэхээр нэр дэвшсэн.
Ардчилсан намын залууст боломж олгох ёстой байсан зүйлийг ингэж муухай хулгайлж байгааг эсэргүүцэж ийшээ орсон. Дотоод сонгуулийг ямар аргаар хийдэг вэ гэдгийг энэ дээр харуулж байна. Аймаг орон нутгийн өгсөн төлөөлөгчдийн нэрсийг байхгүй болгож байгаад манай намд байдаггүй нэрийг оруулж ирсэн нь Хяналтын ерөнхий хороон дээр ирчихсэн маргаан дагуулж байна.
Над руу бүх төрлийн дайралт орж ирсэн. Улс төрд явж байгаа хүн учраас олон дайралт яваад явж байсан. Энэ удаагийнх арай дэндүү байна. Өчигдөр оройн 17:00 цагт Анандбазар гэж хүн над руу залгаад "чи намайг яагаад гүтгэж харлуулаад байгаа юм. Чамайг ийм байвал зүгээр өнгөрөөхгүй шүү" гэж намайг дарамталлаа. Гэтэл энэ Анандбазар гэж хүн хэн юм бэ. Энэ хүнд дарамтлуулаад зүгээр суугаад байж байх уу. Та нар ийм байдлаар улс төр хийхээсээ ичээч.
Надтай холбоотой хувийн зүйл дээр тайлбар өгөхийг хүсдэггүй. Эмэгтэй залуу хүн гэр бүл зохиогоогүй байхдаа улс төрд орсон учраас бүх хүнтэй нэр холбож гүтгэж доромжилдог. Би Ардчилсан намаас УИХ-ын гишүүн болж явснаас хойш чуулган дээр өөрийнхөө байр суурийг хатуу илэрхийлж явж байгаа.
Ийм муухай дээр үеийн улс төрийн арга барил чинь явахгүй. Ийм заваан зүйлээс болж маш олон эмэгтэй улс төрд орохоос халширч, золиос нь болсон. Тэр хүмүүсийн төлөө бид тэмцэх ёстой. Ийм хүмүүст дарлуулаад яваад байж болохгүй. Энэ балиар зохион байгуулалттай үйлдлээрээ та нар ялна гэж бодож байвал үгүй. Намайг уйлдаг гэнэ. Уйлахаас өөр аргагүй байдал руу та нар шахаж байна. Би өнөөдөр Ардчилсан намын ирээдүйд харамсаж байна. Бид өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ" гэв.

