Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонг Монгол Улсад айлчиллаа

2026 оны 8 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы урилгаар Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонг 2026 оны 7 дугаар сарын 28-аас 31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурорын танхим хооронд 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр улсын прокурорын байгууллагын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага судлах, сургалт зохион байгуулах, прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцахад чиглэсэн юм.

Айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхий прокурор албан ёсны уулзалт хийж, хамтран ажиллах санамж бичигт дурдсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэний дотор хоёр тал харилцан мэдээлэл шуурхай солилцож байх механизмыг тогтоох талаар санал нэгдэн тохиролцов.

Уулзалтын үеэр, Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонг хоёр талын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр Улсын ерөнхий прокурорын газрын “Хүндэт зочны дэвтэр”-т сэтгэгдэл бичиж үлдээлээ.

Энэхүү айлчлалын үеэр хоёр улсын прокурорын байгууллага хамтран “Үндэстэн дамнасан кибер гэмт хэргийг хянан шийдвэрлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллав.

Хамтарсан сургалтаар орчин үеийн дэвшилтэд технологи, цахим шилжилтийг эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломж, кибер гэмт хэргийн онцлог, орчин үеийн нөхцөл байдлын талаар санал хуваалцсан зэрэг нь хоёр орны мэргэжлийн хамтын ажиллагаа, туршлага солилцооны хүрээг өргөжүүлэх, прокурорын байгууллагуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонг тэргүүтэй төлөөлөгчид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай тус тус уулзан, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, цахим шилжилт, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр харилцан санал солилцов.

Дашрамд дурдахад, Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонг нь 1953 онд төрсөн, банк, корпорацийн эрх зүй болон санхүүгийн үйлчилгээний чиглэлээр өндөр мэргэшсэн, хууль зүйн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай хуульч юм.

Мөн Сингапур Улсын ерөнхий прокурорын танхим нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг удирдан чиглүүлэх, шүүхэд төрийг төлөөлөх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах,улсын эрх ашгийг олон улсын түвшинд хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670076
0 эможи

Зочин
2026-08-03 17:21
Прокурорууд яаж авлига авдгийг сураад буцсан байх даа
keyboard_arrow_up