Д.Лүндээжанцан: Эрчимт эмчилгээний тасагт ухаан оров. Цаг алдалгүй шуурхай мэс засал хийсний хүчинд миний амь нас аврагдлаа

УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан "ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмчилгээ амжилттай болж ухаан орсон" талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр "Нэгдсэн гуравдугаар эмнэлэгийн Мэдрэлийн мэс заслын эрчимт эмчилгээний тасагт ухаан оров, мэс засал амжилттай болсныг надад дуулгав. Цаг алдалгүй хурдан шуурхай мэс засал хийсний хүчинд эмчилгээ амжилттай болж миний амь нас аврагдав. Энд ухаан ороод хэвтэж байхад олон зүйл бодогдлоо. Юуны өмнө эрүүл мэндээ сайн шалгуулж байх хэрэгтэй гэдгийг ойлгов.
Сүүлийн саруудад хүзүү гоёодчихлоо гээд л яваад байсан хүн нэгмөсөн оройтох шахав байна. Харин зураг авахуулж шинжилгээ хийлгэн, залуу цагийн найз Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын болон Хүний гавьяат эмч, Зөвлөх зэргийн эмч Б.Батчулуун эмч түргэн оношлосны хүчинд ам мөлтөс гарчээ.
53 жилийн өмнө аавыгаа харвалтын улмаас энэ эмнэлэгт эмчлүүлж байхад 40 гаруй хоног шөнө нь сахиж өдөр нь 8 дугаар ангийнхаа шалгалтыг өгч байсан тэр үеэ дурсан саналаа. 60 жилийн түүхтэй Мэдрэлийн мэс заслын тасгийнхан энэ хугацаанд мэдлэг, мэргэжил ур чадварын хувьд үнэхээр хол алхсан нь харагдаж байв.
Надад мэс засал хийн амь насыг минь аварсан Монгол Улсын Гавьяат эмч Тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Л.Аваажигмэд эмчээр ахлуулсан баг, эмчлэгч эмч Ш.Орхонтуул нартаа гүн талархлаа илэрхийлж байна. Та нарын минь эрүүл мэнд энх, ажил үйлс нь арвин дэлгэрч байхын ерөөл өргөе.
Утсаа хураалгах болсныг үүгээр мэдэгдье, хэсэг хугацаанд пост оруулахгүй болох нь.
Амьд явбал Улсын наадам үзнэ ээ" гэжээ.

